Хэд хоногийн өмнөөс уламжлал ёсоор талбай дээр мөсөн хотхон хийж эхэллээ. Энэхүү мөсөн хотхонг 2001 онд хоёрдугаар курст байхаасаа эхлэн хийж буй сийлбэрч Д.Цэрэнбаттай бид уулзлаа.
Тэрбээр "Би бүх төрлийн сийлбэр хийдэг. Мөсөөр зөвхөн өвлийн улиралд хийдэг. Сүүлийн гурван жид мөсөн хотхоныг яг бие даагаад хариуцаад хийж байна. Мөсөө бид нуураас авдаг. Байгалаасаа хөлдсөн учраас ингэж тунгалаг харагдаж байгаа. Нэг блок мөс тоон гаруй жинтэй. Блок мөснөөс бүтээл гарах хугацаа юу хийж байгаагаасаа хамаараад 1-5 хоногийн хугацаа ордог. Саванд ус хийж хөлдөөх нь ерөөсөө боломжгүй. Учир нь гэрэл хугарах боломжгүй болоод цэхэр мөс гардаг. Цэхэр мөс нь хамаагүй гэвэл хүмүүс гэртээ мөс хөлдөөгөөд ийм баримал хийж болно. Нэлээн хурц үзүүртэй багаж шаарддаг.
Талбайн мөсөн хотхоныг бүтээхэд Монголын мэргэжлийн бүтээлчид олон улсад тэмцээнд орж таардаг. Харин одоо уран бүтээлчид маань хил хаагдсантай холбогдуулан Монголдоо байгаа учраас гурван хэсэг баг болоод Монголд хийгдэж байгаа мөсөн хотхонуудыг бүгдийг нь хийж байгаа.
Тэгэхээр ер нь бол маш их хүйтэн нөхцөлд ажиллана. Сайн иртэй багаж шаардлагатай. Тэгээд богино хугацаанд хийх нь хүнд даалгавар байдаг л даа. Тэгээд л өдөр шөнөгүй ажиллана. Одоо бид нар энэ талбай дээр гэхэд зарим үед үүрийн дөрвөөс таван цаг хүртэл ажиллаж байгаа. Найман цагт ирээд орой арван хоёроос нэг цаг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Яагаад гэхээр улирлын чанартай маш богино хугацаанд хийж дуусгахгүй бол шинэ жил болоод хүмүүсийн сонирхол буурах магадлалтай байдаг. Хүмүүсийн хувьд хажууд нь ирж зургаа авхуулахдаа заавал дээр нь гарч мордож хугалах асуудлууд бас гардаг. Тийм учраас бид аль болох бат бөх талаас нь л бодож хийж байгаа. Бүгд хүүхдүүдээ авчраад энд тоглуулаад сайхан уран бүтээл үзэж сонирхуулаарай л гэж хэлье даа" гэв.