Түүнийг тавилгын бизнест хөл тавьж, өнөөдрийн “Royal Furniture” тавилгын үйлдвэрийн гүйцэтгэх захирал болтол өсөн дэвшихэд мэргэжлийн мужаан аавынх нөлөө их байжээ. “Би ч албан ёсоор суралцаагүй ч хүүхэд байхаасаа л аавынхаа мужааны цехэд дурласан мэргэжилгүй мужаан даа” хэмээн ярих энэ эрхмийг Т.Сүхбаяр гэдэг.
Бид энэ удаагийн “Хөрөг” нэвтрүүлэгтээ тавилгын чиглэлээр 20 жил ажиллаж байгаа ЖДҮ-ийн төлөөлөл болсон “Royal Furniture” тавилгын үйлдвэрийн гүйцэтгэх захирал Т.Сүхбаяртай ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Сайн байна уу, намайг Тунгалагийн Сүхбаяр гэдэг. Би тавилгын чиглэлээр ажилладаг хүн байгаа юм. Манайх “Royal Furniture” гээд үйл ажиллагаагаа эхлээд жилийн хугацаа болж байна. Тавилгын чиглэл рүү орсон маань аавтай минь холбоотой. Манай аав Орост нарийн мужаан чиглэлээр төгсөж ирээд цэргийн байгууллагад мужаанаар ажилладаг байсан. Бал даргын үед “Нууцын хаалга” гээд сайхан ажлууд хийдэг байсан. Би багаасаа аавынхаа хажууд мэргэжилгүй мужаан болсон гэх юм уу даа. Тухайн үед ийм тоног төхөөрөмж гэж байдаггүй, орос хөрөөгөөр гараар хөрөөдөөд л. Аавдаа тэгшхэн хөрөөдөж чадахгүй гэж загнуулаад л мужаан болсон доо.
-Анхны хийж байсан ажлууд, сэтгэлд тодхон ямар дурсамж байдаг вэ?
Миний доод талын дүү бид хоёр анх зурагтын тавиур хийж байсан. Аав минь зааж өгөөд хэд хэдэн удаа зарж үзээд боломжийн гэдгийг нь ойлгочхоод аав, ээж хоёрынхоо цагаан сарыг хийж өгнө гээд. Тэр үед бидэнд унаа байдаггүй. Зах руу морин тэргээр зөөдөг байлаа. Манайх Хар зах гэж байхад түүнтэй их ойролцоо байсан. Бид хоёр нэг нэг түмбүүшиг долоо хоногтоо хийгээд үүрээд гардаг. Сүүлдээ долоо хоногтоо 3-4-өөр нь хийдэг болоод захын хоёр хаалга дээр хоёулаа нэг нэгээрээ зогсоно. Тэгээд хэн түрүүлж зарах нь уу гэж уралдана. Зурагтын тавиур, түмбүүшиг зөөгөөд аав, ээж хоёрынхоо цагаан сарыг хийж байсан юм даа.
-Аавын нөлөө их байжээ?
Аавын минь хийж байсан зүйлс их л дээ. 10 жилд байхад 57 дугаар сургуулийн үүдээр нь ороход хүндэт самбарууд нь манай аавын хийсэн зүйлс. Коридороор явахад бүх юмнууд нь, дуу хөгжмийн кабинет нь хүртэл тухайн үедээ загварын гэж гайхагдаж байсан. Аав шигээ мундаг, айлд сайхан тавилга хийгээд өгсөн ч нүүр улайх юмгүй, бардам тавилга хийх юмсан гэж боддог. Аав, ээж хоёр маань одоо 70 гарсан ч тавилгаа хийж л байдаг. Зургаан хүүхэдтэй, ганц охинтой, таван хүүтэй. Тавуулаа тус тусдаа тавилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг гэр бүл зургаан чиглэлээр тусдаа ажиллана гэхээр манай тавилгын зах зээл яаж хөгжиж байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ.
-Та мэргэшээгүй мужаан гэсэн шүү дээ. Таны эзэмшсэн мэргэжил юу вэ?
10 жилээ дүүргээд Монголын бурхан шашны их сургуульд таван жил суралцан шашин судлаач мэргэжилтэй болсон. Тэр чиглэлээрээ нэлээн хэдэн жил явсан. Тэр хугацаандаа ч тавилгаа хийдэг, чөлөөт цагаараа аав, ээждээ тусална.
-Тавилгын чиглэлээр хэдэн жил ажиллаж байна?
-Эхнэр бид хоёр тавилгын чиглэлээр 20-иод жил явж байна. Ямар ч байсан хоёулаа зүтгэсний хүчээр өнөөдөр тавилгын чиглэлээр компани байгуулаад үйл ажиллагаагаа жаахан томруулах тал руугаа оруулсан. Манайх захиалгаар тавилга үйлдвэрлэдэг. Дундаж хэрэгцээний хүмүүст худалдааны чиглэлээр арай хямд боломжид нь тааруулаад тавилгын үйл ажиллагаа явуулж байгаа. Хатуу үнэ ханш барьж зөвхөн ашгийн төлөө ажиллая гэсэн сонирхол байхгүй.
Мэдээж айл гэр тавилга сайхан бол гэр орон ч гэсэн аз жаргалтай сайхан байдаг шүү дээ.
-Үйлдвэрлэлээ томруулахад амаргүй байсан болов уу?
Нэг хуурай дүүтэйгээ ярьж байгаад тоног төхөөрөмж авъя. Тавилга гэдэг бол хийж чадаад юмаа зөв гаргах юм бол ашигтай бизнес гэдгийг өөрөө хар багаасаа мэдэрсэн. Тавилгын бүх чиглэлээр болж өгвөл ажил, төрөл олддоггүй хүмүүсийг эхний ээлжид авъя, сургая гээд үйл ажиллагаа явуулаад одоогийн байдлаар 7-8-уулаа ажиллаж байна. Манай давуу тал бол эко хавтангаар тавилгаа хийдэг. Хүний биед сөрөг нөлөө байхгүй. Баруунаас орж ирж байгаа корона спа гэдэг хавтангаар голдуу хийж байгаа. Тэр нь хятад хавтанг бодоход үнэргүй, материалын хувьд чанартай болохоор тэр талаа голчлон барьж байгаа.
-Үйлчлүүлэгч нараасаа авч байсан хамгийн гоё магтаал юу байсан бол?
Зарим хүний хар буруу тал ч байна. Түүнээс илүү баяртай юм их байна. Тавилга хийнэ гэдэг чинь гоё шүү дээ. Мундаг уран шаглаач эгчийнд очиж байсан. Гал тогоо хийлгэе гээд. Гал тогоо чинь өөрөө корпус жижигтэй, угсаргаа хийж босдог болохоор олон юм зөөгөөд орсон “Хүүш ээ, яана аа, юу вэ. Эгч нь ийм юм захиалаагүй шүү дээ. Юу аваад ирэв ээ” гэж бараг л уурласан л даа. Угсраад дууссан нөгөө эгч маань цаанаасаа мишээл тодроод “Ямар гоё юм хийсэн юм бэ миний дүү, их баярлалаа” гээд өөрөө гараараа зүү ороож оёсон гээд хөөрөгний даалин өгч байсан.
-ЖДҮ-ийн сангаас зээл авч байв уу?
-Гарааны бизнес эрхэлж байгаа жижиг, дундаа дэмжинэ гэдэг мөртлөө яг яваад очиход бүтдэггүй. ЖДҮ-ийн 4-5 сертификат надад байгаа. 14 хоногоор сургалтад сууж байсан. Эргээд ЖДҮ дээр яваад очдог, банк дээр унадаг. ЖДҮ, банкнаас бид хоёр зээл хүчирдэггүй байсан.
Банк бус бол арай өөр. Транскапиталтай холбогдоод машин авсан. Тэр машин маань бид хоёрт их дөхөм болж байсан. Тавилга чинь том том гарна. Нэг машин түрээслээд явахад дор хаяж 20-30 мянган төгрөг. Долоо хоногт хэдэн айл руу хэдэн юм зөөх үү, хэдэн удаа материалаа татах уу, хамгийн түрүүнд машин их хэрэгтэй байсан. Бид хоёрын бизнес арай өөр болсон. Эргүүлээд машинаа зарахад би хүнээс гуйхгүйгээр ямар ч байсан зохих хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй болно.
-Танай байгууллагын хэтийн зорилго юу вэ?
Хэтийн зорилго бол сайхан үндэсний үйлдвэрлэгч тавилгын талын бүх талыг хөгжүүлээд одоо гудамжинд дэмий лааз өшиглөөд гүйж яваа залуусыг ажилтай, орлоготой болгоно гэж боддог.