Хосолсон хэлбэрээр хичээллэж байсан ЕБС-ийн сургалтыг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлэх шийдвэрийг УОК-оос гаргасан. Үүнийг эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид эсэргүүцэж буйгаа цахим сүлжээнд илэрхийлсээр буй. Учир нь хоёр жилийн турш сурагчид мэдэж байх ёстой боловсролоо авч чадаагүй, хоцрогдсон нөхцөл байдалтай байхад дахин үр дүнгүй гэж хэлж болох цахим сургалтыг голчлох шийдвэрт иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Бид 153 дугаар сургуулийн бага ангийн багш Т.Баярзаяагаас энэхүү шийдвэрт ямар байр суурьтай байгаа, цахим хичээл хүүхдэд боловсрол олгодог эсэхийг тодруулахад, "Нэгдүгээр ангийн сурагчдын хувьд гурван наснаасаа хойш цэцэрлэгт яваагүй хүүхдүүд байгаа. Сургуулийн өмнөх боловсролын бэлтгэгдсэн байдал тааруухан орж ирсэн. Хүүхдүүд танхимаар өдөр болгон хичээллээд байнга давтах, тав хоног танхимаар хичээллээд ес хоног гэртээ давтах ялгаатай байдаг. Ар гэртээ боломжтой цөөхөн хэдэн хүүхэд хичээлээ анхааралтай хийдэг. Танхимын хичээлийн мэдлэгээ цахим дээр очоод бататгахгүй болохоор нэгдүгээр ангийн хүүхдүүд ирэхдээ бүх юмаа мартаад л хүрээд ирдэг. Юу ч заагаагүй юм шиг л байдаг. Багш нар танхимын хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө бэлдэнэ, хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ. Хажуугаар нь цахим хичээлээ бэлтгэнэ. Хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг сахиулна. Дээрээс нь ангиа цэвэрлэнэ. Ер нь бол багш нарын ачаалал маш их байгаа. Үзгээ барьж чадахгүй хүүхдүүд орж ирээд гар нь зүгшрээд, хэл яриа, унших чадварын хувьд ч гэсэн сайжраад одоо нэг зүгшрээд хэвэндээ ороод явах гэж байтал гэнэтийн шийдвэр гарчихлаа. Сурагчдынхаа хичээлийн хоцрогдлыг гүйцэхгүй байгаа гэдгээ хэлж байна. Тав хоног танхимаар, ес хоног цахимаар хичээллэж байгаа энэ үед хүүхдүүд хичээлээ мартаад байна" гэв.
Нэгдүгээр ангийн хүүхдүүд үсгээ хичээнгүйлэн бичиж, үсэглэн уншиж байлаа. Хоцрогдолтой байгаа хэдий ч мэрийгээд багшийгаа дагаад шинэ сурсан үсгээрээ үг холбон уншиж буй зургаан настнууд танхимаар хичээл ороход хичээлээ илүү сайн ойлгодог гэдгээ бидэнд хэлсэн юм.
Ингээд 153-р сургуульд хичээл эхэлснээс хойш халдвар бүртгэгдсэн эсэх талаар сургуулийн эмч Д.Нарантуяагаас тодрууллаа. Тэрбээр, "Есөн сараас хойш 40-өөд халдвар илэрсэн. Үүнээс 38 нь хичээлээс гадуур, 8 танхимд бүртгэгдсэн халдвар. Багш ажилчдын хувьд 22 тохиолдол илэрсэн. Оргил үе нь 10-р сард байсан. Түүнээс хойш харьцангуй гайгүй, халдвар гараагүй байгаа. Ариутгал, халдвар хамгааллын дэглэмээ бариад цаг тухайд нь агааржуулалт, орчны цэвэрлэгээ, үйлчилгээгээ тогтмол хийж байна. Тусгаарлах өрөөгөө бэлдчихсэн. Тухайн үед түргэвчилсэн оношлуураар оношлоод хэрвээ халдвар илэрвэл харъяа дүүргийнхээ өрхийн эмнэлэг рүү холбоо барьж бүртгэл хийлгэж байгаа" гэлээ.
Анги танхимын хувьд сэлүүхэн, сурагчид нэг нэгээрээ ширээ алгасаж суусан байлаа. Сургуулийн коридор, цайны газарт орж буй сурагчид бүгд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж байв. Одоогоор 153 дугаар сургуульд ковидын өмнө нь бүртгэгдсэн халдвараас өөр халдварт өвчин бүртгэгдээгүй гэж эмч онцолсон юм. Тэгвэл сургалтын менежерт эцэг эх, сурагчид, багш нараас хоёр сарын урт хугацааны амралтын дараа дараагийн улирлаас цаг үеийн нөхцөл байдлыг харгалзаж үзэн 100 хувь танхимаар орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Харин 153 дугаар сургуулийн менежер А.Цогтбаатар, "Энэ хичээлийн жилд манай сургуульд 56 бүлгийн 1940-өөд хүүхэд суралцаж байна. Нийт багш нар хичээл ордог хүүхэд болгоноосоо оношилгооны шалгалт авсан. Мөн боловсролын хүрээлэнгээс шалгалт авсан. Шалгалтын дүнгээр маш хангалтгүй, хоцрогдолтой байна гэж гарсан байгаа. Мэдээж 16 долоо хоног нэгдүгээр улирал хичээллэх ёстой байтал нэг долоо хоногийг нь гэнэтийн шийдвэрээр хасчхаж байгаа. Тэгэхээр багш нарын төлөвлөсөн төлөвлөгөөт ажил тасалдана. Сүүлийн долоо хоногтоо анги удирдсан багш нар, хичээл ордог багш нар дүнгүүдээ гаргаж, шалгалтуудаа авч, эцэг эхийн хурлаа хийх ёстой. Хүүхдүүддээ даалгавраа өгөх ёстой байтал нэг долоо хоног нь хасагдаад явж байгаа нь төлөвлөгөөт ажил долоо хоног тасалдаж байна гэсэн үг. Манай багш нар, эцэг эхчүүдийн зүгээс үүнийг дурамжхан хүлээж авч байгаа. Цаашдаа цар тахал гайгүй болбол хоёр сарын гуравнаас 100 хувь танхимаар оръё гэх санал багш, эцэг эх, сурагчдын зүгээс ч сургуулийн захиргаанд их ирдэг" гэлээ.