“Богд Зонхова”-ийн хөшөөг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд барих 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгийг УИХ баталсан асуудал сүүлийн өдрүүдэд олны эгдүүцлийг хүргээд байна. Нэгэнт УИХ-аас баталсан энэ төслийн төсвийг санаачилсан гэх гишүүд нь мэдэхгүй хэмээж, Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүд нь ч мэдээгүй өнгөрсөн байна гэцгээж, Сангийн сайд, Соёлын сайд нар нь ч “хэн ч юм Богд Зонховын барилгыг барих тендерийг эхлүүлчихсэн, төсөв нь 27 тэрбумаар өссөн байсан” гэж мэдэгдэцгээсэн юм.
Богд Зонхова өөрөө өөртөө хөшөө барих зураг төсөв батлаад, барилгын ажлаа эхлүүлсэн мэт хариуцсан эзэн, төсөв батлуулсан хүнгүй болтлоо хөшөөний барилгын ажил эзэнгүйрэв.
Эрлийг мухарлах зорилгоор бид 2022 оны төсвийн төслийг шүүлээ.
БАРИМТ НЭГ
2021 оны 09 сарын 30-нд Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт 2022 оны төсвийн төслийг өргөн барьсан талаарх САНГИЙН ЯАМНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ хуудаст байршсан мэдээ.
БАРИМТ ХОЁР
Энэхүү сангийн яамны цахим хуудас дахь мэдээнд өргөн барьсан төсвийн төслүүдийн жагсаалтыг хэн ч үзэж болохоор хавсаргажээ.
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төсөл
БАРИМТ ГУРАВ
Сангийн яамны УИХ-д өргөн барьсан 280 хуудас бүхий төсвийн төсөлд бурхны хөшөөний төсвийг 67-р хуудаст тусган бичжээ.
МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2022 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ энэхүү төсвийн төслийн 44-р хуудаснаас эхэлж байгаа ба энэ гарчгаар БУРХНЫ ХӨШӨӨГ улсын төсвөөр санхүүжүүлэх нь тодорхой харагдаж байна.
Энэхүү жагсаалтын Соёлын сайд гэсэн багцад Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв "Богд Зонхова" /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо/ 2021 онд төслийг эхлүүлээд 2023 онд дуусгана гэжээ. Жагсаалтад бичсэнээр хөшөөний барилгыг 32,490.8 тэрбумаар барьж, 10,000.0 төгрөгийг 2022 онд суулгуулахаар төсөвт тусгажээ.
Энэ бүхнээс үзэхэд Сангийн сайд Б.Жавхлангийн “Богд Зонховын барилгыг барих тендер зарлаагүй байхад бүтээн байгуулалтыг хэн ч юм бэ эхлүүлчихсэн, төсөвт өртөг нь 27 тэрбум төгрөгөөр өссөн” гэх мэдээлэл
Соёлын сайд Ч.Номингийн “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм.
Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно” гэх мэдээлэл ч иргэдийг төөрөгдүүлсэн, асуудлыг өөрсдөөсөө холдуулсан, өөрсдөө мэдэхгүй өнгөрсөн мэтээр худал мэдээлэл тараасан нь нотлогдож байна.
Бурхны хөшөөний төсвийг Соёлын яамнаас Сангийн яам руу илгээж, Сангийн яам эцэслээд УИХ руу оруулж батлуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл асуудлыг өөрсдөөсөө холдуулсан Ч.Номин, Б.Жавхлан нар худлаа хэлсэн нь нотлогдлоо.
Мөн эл асуудлыг мэдэж байх ёстой УИХ-ын 76 гишүүний зарим нь болох ХӨШӨӨНИЙ асуудал сөхөгдөнгүүт МЭДЭХГҮЙ, МЭДЭЭГҮЙ хэмээн мэлзэж буй М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Т.Доржханд нар батлуулахаар ирсэн төслүүдийн төсвөө нэг бүрчлэн уншаагүй нь ч батлагдлаа.
Харин үлдсэн гишүүдийн хувьд ийм хэмжээний мөнгийг хөшөөнд зарцуулах гэж байгааг үг дуугүй батлаад явуулсан эсвэл төсвөө уншаагүй тул мэдээгүй өнгөрчээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль батлах, санаачлах, төсөв батлах ажлаа муу гүйцэтгэж байгаагийн илрэл БОГД ЗОНХОВА-ийн хөшөөг барих төсвөөр илэрлээ.
УИХ, Засгийн газрын гишүүдэд сануулахад, ард түмэн тэнэг биш. Сэтгүүлчид түмэн нүдтэй. Хэлсэн үг, үйлдэл бүр чинь баримт болон үлддэг. Ялангуяа төрийн баримт бичиг бүр чинь мөрөө үлдээж байдгийг сануулъя. Ард түмэнд таалагдахын тулд худлаа ярих, жүжиглэх, мэлзэх байдал иргэдийн УИХ, Засгийн газар буюу төрдөө итгэх итгэлийг улам унагаж байгаа тул өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстойг хэлье.
Б.Жавхлаан! Ч.Номион! Эрхэм гишүүдээ! Ахиж битгий худлаа яриарай. Баримт өмнөөс чинь үнэнийг чинь хэлээд өгчихдөг юм шүү.