Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хоёрдугаарт, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад авах арга хэмжээг ярилцлаа. Богд Зонхова цогцолборын асуудлаар Засгийн газраас мэдээлэл хийсэн болов уу гэж бодож байна.
Энэ асуудлыг бүлгийн хурлаар яриагүй. 32 тэрбум төгрөгийн төсөвтэй Богд Зонховын хөшөө барих асуудлыг УИХ-аас оруулсан асуудал биш Засгийн газраас оруулж ирсэн. Засгийн газар 2022 оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ асуудлыг Соёлын сайдын багцад оруулж ирсэн байна лээ. Үүнтэй холбоотой нийгмээс хүчтэй шүүмжлэл ирж байгаа. Үүнтэй холбогдуулаад түрүүн Ерөнхийлөгч тодорхой хүмүүсийг дуудаж уулзаж чиглэлүүд өгсөн. Тэрний дагуу энэ хөрөнгийг Засгийн газар царцаах нь зүйтэй гэдэг шийдвэрийг ойрын үед гаргая гэж байгаа юм байна лээ. Харин энэ хөрөнгийг өөр эрүүл мэндийн салбар луу чиглүүлэх нь зөв гэж үзэж байна. Энэ талаар Засгийн газар ойрын үед мэдээлэл хийх болов уу гэж бодож байна. УИХ-аас дээрх асуудлаар санал оруулаагүйг хариуцлагатай хэлье. 32 тэрбум төгрөг төсвинй тухай хуулиараа явна. Царцаана гэдэг нь Засгийн газраас санхүүжилт хийхгүй гэсэн үг. Засгийн газар өөрөө төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж шийдвэрлэх юм” гэдэг тайлбарыг өглөө.