Та бага насны хүүхэдтэйгээ зөв харьцаж чаддаг уу? Хүүхэдтэй багаас нь зөв харьцсанаар хүүхэд бусдад өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдаг байна. Энэ удаа сэтгэл зүйч Г.Хулантай ярилцаж, бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог болоод хэрхэн хүүхдээ ойлгож харилцах талаар дараах зөвлөгөө мэдээллийг бэлтгэлээ.
Энэ талаар сэтгэл зүйч Г.Хулан зөвлөхдөө "Эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ маш их болохгүй гэж хэлдэг. Болохгүй гэж хэлэхээр хүүхэд юу болохыг хэлж мэдэхгүй учраас тухайн үйлдлээ дахин, дахин давтаад байдаг. Жишээлбэл, хүүхэд орон дээр үсэрч байлаа. Орон дээр үсэрч болохгүй гээд шууд хэлж байгаа бол араас нь үргэлжлүүлээд хаана үсэрч болохыг нь хэлнэ. Тэртээ тэргүй хүүхдэд тухайн хэрэгцээ байгаа учраас үсэрсээр л байх болно. Болохгүй гэдгээ дандаа яаж болох вэ гэдгээр өөрчлөөд хэлэх юм бол хүүхэд суралцаж эхэлнэ. Суралцаад эхэлчхээр тухайн ээж, аавынхаа хүсээгүй үйлдлийг дахин дахин давтаад байхгүй" гэж хэллээ.
Бага насны хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг, энэ үед суурь хүмүүжил, төлөвшлийн суурь тавигддаг учраас эцэг эхчүүд хүүхдээ ойлгож харилцах нь хамгийн чухал юм. Үүнд хүүхдээ яагаад уурласныг мэдэхгүй бол сэтгэл хөдлөл илэрхийлсэн зурагт карт болон хүүхдийнхээ хамгийн дуртай тоглоомыг ашиглан харилцаж болдог байна. Тодруулбал: Сэтгэл зүйч Г.Хулан хэлэхдээ "Тухайн сэтгэл хөдлөл илэрхийлсэн картыг хүүхдэдээ харуулаад чиний бодлоор энэ хүүхэд ямар сэтгэл хөдлөл мэдэрч байна. Энэ хүүхэд яагаад ийм сэтгэл хөдлөл мэдрээд байгаа юм болоо гээд асууна. Ингээд хэлэхээр хүүхэд маань хэдий картын талаар ярьж байгаа ч гэсэн яг өөрийнхөө талаар ярьж эхэлдэг. Энэ хүүхэд айж байна. Тэгвэл би ямар үед айдаг вэ гээд өөрийнхөө айдсуудыг ч гэсэн илэрхийлэх боломжтой болж байгаа юм. Ээж аавууд миний хүүхдийн бүх юм нь сайхан байна. Ямар ч асуудал байхгүй, айдасгүй гэж боддог. Тэгээд хүүхэдтэйгээ ярилцаад эхлэхээр маш олон төрлийн айдсууд гарч ирдэг" хэмээн ярилаа.
Хөгжлийн онцлогоос нь шалтгаалж нас насны хямралууд, айдсууд бий болдог байна. Тэгэхээр тэр айдсыг эцэг, эхчүүд мэдсэнээр түүнийг нь арай илүү хурдан хугацаанд зөв зохистой байдлаар даван туулахад хүүхдэдээ тусалдаг. Картан дээр жишээ авбал "Чи энэ хүүхэдтэй адилхан айгаад уурандаа ингээд байдаг. Тэгвэл чи яаж энэ хүүхдэд тусалж болох вэ? Энэ хүүхэд яавал өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж болох вэ гэдгийг нь асуучихна.Тэгээд хүүхэд янз бүрийн хариултууд хэлнэ. Хэрвээ хариулт нь хангалтгүй байх юм бол хүүхэд өөрөөр яаж сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээ мэдэхгүй байх магадлал нэлээн өндөр байдаг. Тэгэхээр ээж аавууд маань үүн дээр туслах шаардлагатай. Чи айсан үедээ ингэж болно, чи уурласан үедээ ингэж болно. Ингэж ингэж болдог гээд маш олон төрлийн аргуудыг хүүхдэд заагаад өгчихнө гэсэн үг. Ингэснээр уураа буюу сэтгэл хөдлөлөө зөв аргаар бага багаар гаргаж сурдаг.
Заримдаа бага насны хүүхэд хэн нэгэнд гомдсоноос болоод эсвэл уур нь хүрч маш их уйлдаг. Ингэж уйлахдаа удаан хугацаагаар уйлж, эцэг эхүүд хэрхэн аргадахаа мэдэхгүй сандрах үе цөөнгүй байдаг. Энэ нь бага насны хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сул учраас маш амархан сэтгэл хөдлөлдөө автаж уйлах, орилох, чарлах зэрэг сөрөг байдлаар илэрхийлж байгаа аж. Тэгвэл хүүхэд уйлаад зогсохгүй бол яах вэ? Энэ талаар "Сэтгэл хөдлөлдөө бүр их автахаас нь өмнө хүүхдээ тайвшруулж болно. Хүүхдээ тайвшруулахын тулд маш хялбархан арга байдаг. Үүнд таны гар л хэрэгтэй. Бага насны хүүхдүүд төрсөн өдрийн лаа үлээх дуртай байдаг болохоор хүүхдэдээ та төрсөн өдрийн дуу дуулж өгөөд лаа үлээлгэнэ. Өөрөөр хэлбэл таны гарын хуруунууд бол төрсөн өдрийн лаа болоод хувирчихна гэсэн үг. Тэгэхээр хүүхэд маань төрсөн өдрийн лаа үлээнэ гэхээр хурдан үлээнэ. Энэ лаа маань учиртай. Яагаад гэвэл зөв амьсгалж байж энэ лаа нь унтарч эхэлнэ. Зөв амьсгална гэхээр амьсгал авч байгаа хугацаа нь богинохон амьсгал авч байгаа хугацаа урт байна. Өөрөөр хэлбэл уртаар тултал нь бүх амьсгалаа гаргаж дууссан үед лаа нь унтарна. Түүнээс нааш лаа унтрахгүй. Яагаад үүнийг хийж байгаа вэ гэхээр хүүхэд маань зөв амьсгалаад эхлэхээр тайвширна гэсэн үг" гэж сэтгэл зүйч Г.Хулан зөвлөлөө.
Эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн үзэл бодлоо хүүхдэдээ тулгахаас илүү тэднийг ойлгож, ярилцах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сонголт хийх чадварт бие даан суралцах боломжтой болох юм.