Ногоон ургамал, цэцгүүд нь хүчилтөрөгч сайн ялгаруулдаг. Иймээс манайх шиг хүйтний улиралд агаарын бохирдол ихтэй газар гэр, тасалгаандаа цэцэг ургуулж, байршуулах нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Иймээс өвлийн улиралд тасалгааны цэцгийг хэрхэн арчлах талаар зөвлөгөөг агрономич Ч.Гиймаагаас тодрууллаа.
1. Хүйтэн усаар цэцгийг усалж болохгүй
Цэцгээ услахдаа гоожуурын усаар шууд усалж хэрхэвч болохгүй. Гоожуурын усаар услах гэж байгаа тохиолдолд зайлшгүй гэртээ нэг хонуулж энгийн температурт шилжиж, хлор нь багассаны дараагаар услах нь зүйтэй. Харин цэвэршүүлсэн усаар цэцгээ шууд усалж болно.
2. Усалгаа болон орчин хамгийн чухал
Тасалгааны цэцгийн хувьд усалгаа болон орчиндоо анхаарах хэрэгтэй. Гэрэл шаардлагатай цэцэг байвал гэрэлд тавина. Гэрэлд тавих шаардлагагүй байвал гэрлийн тусгалаас хол газар тавиарай. Хүйтэнд хөрсний усалгааг багасгах боловч манайх шиг хуурай өвөлтэй газар хэт хуурайшиж болзошгүй тул орчны агаарыг нь чийгшүүлж, ургамлын эргэн тойрныг ус шүршиж чийгшүүлж байх хэрэгтэй.
3. Өвлийн улиралд долоо хоногт 2-3 удаа услаарай
Шүрших нь зөвхөн навчийг чийглэнэ. Түүнээс биш ургамлыг бүрэн услахгүй. Үндсэн усалгааг заавал хөрс рүү хийнэ. Усалгааны хувьд том савтай бол усаа ихээр хийгээд бага савтай бол багаар хийгээд өөрөө тааруулна гэсэн үг.
4. Навч нь шарласан цэцэг үхэхгүй
Тасалгааны цэцгийн хувьд навчиллаг ногоон ургамлын навч ихэнхдээ шарлаж байдаг. Тэгэхээр хүмүүс маань шарлаад байна яах уу? Навч нь шарлахаар цэцгээ үхчихлээ гэж буруугаар ойлгодог. Цэцгийн үндэс үхээгүй л бол маш хурдан сэргэдэг. Тийм учраас шарласан навчаа сайн хайчилж, усалгаагаа зөв хийвэл цэцэг үхэхгүй.
5. Бордоог хэт их хэрэглэх нь цэцгийг ялзруулдаг
Бордооны хувьд цэцэглүүлэх, хөрсний зэрэг төрөл бүр байдаг. Мөн витамин байж болно. Тухайн цэцэгт тааруулаад хөрсний бордоо цэцэглэдэг, цэцэглэдэггүй бүх ургамалд тохиромжтой. Өвлийн улиралд сард нэг удаа бордоо хэрэглэж болно. Хүмүүс цэцгээ хурдан ургуулж, цэцэглүүлж, томруулах гээд бордоог их хэмжээгээр хэрэглэдэг. Тэр нь нэг талаараа хор хөнөөлтэй. Хэтэрхий их бордохоор хөрс ялзарч, ургамал үхэх аюултай. Тийм учраас бордоогоо тааруулаад сардаа нэг удаа, хүйтний улиралд хөрсөө бордох нь их зүгээр. Тухайн үедээ бордоо авч байгаа хүнээсээ сайн асуугаад сардаа нэг удаа бордоог хэрэглэж болно.
6. Хэт дулаан газарт ойр тавихгүй байх
Цэцэг ургамлыг дааруулж болохгүй хэдий ч мөн хэт дулаан газар буюу паар халаагуурын яг хажууд, зуухны ойр гэх мэт газар тавьж болохгүй.
7. Шавжны хорыг шаардлагатай үед зохистой арга барилаар хэрэглэх
Намрын сүүлч, өвлийн улиралд тасалгааны ургамлын шавж, шимэгчид идэвхэждэг тул шинж тэмдэг илэрмэгц арга хэмжээ аваарай. Тэгэхгүй бол өвлийн туршид асуудал үүсгэж, улам үржиж устгахад хэцүү болдог. Мэдээж ургамал учраас ялаа цугларна. Ялааны хор цацах хэрэгтэй. Ялааныхаа хорыг хөрс рүү нь цацна. Мөн ингэж навчных нь доогуур цацна. Ялаа их гараад байвал долоо хоногт 2-3 удаа ялааны хорыг цацаж болно.
8. Дааруулж болохгүй
Ургамалдаа агаар амьсгалуулах ёстой гээд цонхоо онгойлгоод ургамлаа дааруулж болохгүй. Ургамал гэрт агаарыг сэлгэдэг. Хүчилтөрөгч ялгаруулж хортой бодисыг өөртөө шингээж өөр өөрийн гэсэн онцлогтой ургамал байдаг. Тийм учраас тэр ургамалдаа тааруулаад арчлахад болно.
9. Хүйтний улиралд хүчилтөрөгч сайн ялгаруулдаг ургамал сонгох
Монстера
Пальма
Өвөл агаарын бохирдол нэмэгддэг. Бидэнд хүчилтөрөгч их хэрэгтэй байдаг учраас гэртээ аль болох хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг цэцэг авахыг зөвлөж байна. Хүчилтөрөгчийг ялгаруулдаг топ-10 ургамал байдаг. Жишээлбэл навч нь цоорч ургадаг монстера, пальма нь хүчилтөрөгч маш их хэмжээгээр ялгаруулдаг. Гэрт тавихад тэсвэртэй. Хүчилтөрөгчийг сайн ялгаруулдаг топ нэгт ордог ургамал бол мөнхрөө цэцэг юм. Арчилгаа бага шаарддаг учраас 14 хоногтоо нэг удаа хөрсийг нь усална.
Мөнхрөө
10. Ургамлын тоосыг арчихгүй удвал амьсгалж чадахгүй
Тоостой ургамал өнгө дарж бүрсийхээс гадна гадаргуугаараа амьсгалахад саадтай болдог. Иймд цэцгийн тоосыг цаг гарган арчиж цэвэрлэж байгаарай. Цэвэрлэгч элдэв бодис нь навчны нүх сүвийг бөглөдөг сөрөг нөлөөтэй тул микрофайбер алчуураар л зөөлөн арчиж цэвэрлэхэд хангалттай.