Жолоочийн албан журмын даатгал нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн.
Хувийн даатгалын компаниудын хэрэгжүүлж байгаа жолоочийн албан журмын даатгалыг төр авах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа. Энэ талаар жолооч нар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
ИРГЭД:
- Тэр даатгалд улс оролцож юугаа хийх вэ. Буруу зүйл. Улс оролцохоор л юм бүтдэггүй. Хувийн хэвшилд нь үлдээх хэрэгтэй шүү дээ. Хүнд суртал нь дийлдэхгүй. Ганц машины гэрчилгээ авахад хүртэл албан журмын даатгал гээд балай юм байна шүү дээ. Өмнөх даатгалаа цуцалж амжаагүй, энд нь даатгалаа хийж өгөөгүй байж л төр оролцоно гэхээр ахиад нэг заваарсан л юм болно.
- Улс нь мэдсэн нь дээр биз. Есөн шидийн даатгалаар даатгуулаад адилхан нэг системтэй явж байгаа юм чинь.
- Хувийнхдаа л байсан нь зүгээр гэж бодож байна. Гадуур ажил хөөцөлдөхөөр төрийн байгууллага л их хүндрэлтэй байдаг шүү дээ. Төр нь цагдаагийн бичиг шаарддаг зохицуулалтыг хурдан шуурхай байхаар шийдээд өгчихвөл болно.
- Одоо ийм төвөгтэй байгаа юм чинь бүр л төвөгтэй болно. Хуучин бол даатгал хийлгэх үгүй нь хувь хүний асуудал байсан. Одоо хийлгэхгүй л бол нэр шилжихгүй. Одоо ийм байгаа юм чинь сүүлдээ хачин юм болох биз.
- Миний бодлоор төр рүү шилжсэн юм болгон амжилттай яваад байдаггүй. Аль болох хувийн хэвшлээрээ байвал зүгээр гэж боддог.
- Улс авсан нь дээр гэж бодож байна. Хувийн даатгалууд зах замбараагаа алдаж байна. Нэг машин авахаар заавал даатгал. Даатгуулж байж машин авдаг.
- Хувийн хэвшил рүү төр үргэлж гараа дүрэх нь зөв үү, буруу юу. Бүх л юман дээр төр оролцоод ирэхээр л утгагүй болчихдог.
Харин өргөн бариал буй энэхүү хуулийн төсөл дээр Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Тэрбээр, “УИХ-д өргөн барьсан шинэ хуулийн төслийг манай даатгалын зах зээлд оролцож байгаа бүхий л байгууллагууд эсэргүүцэж байгаа. Бидний сүүлийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, хөрөнгө оруулалт, тэр олон хүний ажлын байрны талаар огт дурдагдаагүй байна. Хоёрдугаарт хуулийн үндэслэлийг гаргаж ирж байгаа тоон мэдээлэл зөрүүтэй буруу байна.
Даатгалын компани мөнгөө хуримтлуулаад тухайн жилдээ гарсан нөхөн төлбөрийг нь өгөөд, тухайн жилдээ гараагүй нөхөн төлбөрийг ирээдүйд гарах магадлалтай гээд нөөц сан байгуулдаг. Даатгалын компанийн мөнгө биш даатгуулагч нарын мөнгө байгаа юм. Тэгэхээр шинээр өргөн барьж буй хуулийн төсөлд нөөц сан огт дурдагдаагүй л байсан. Тэр бол мэргэжлийн бус хүний харж байгаа өнцөг. Хэлж тайлбарлаж байгаа ойлголт нь буруу байна гэсэн үг. Үнэхээр жолоочийн хариуцлагын даатгал дээр жолооч нар сэтгэл ханамж муутай байдаг юм уу гэдэг дээр шүүхийн гомдолтой холбоотой бүх зүйлсийг нь харж үзлээ. Яг одоо шүүх дээр байгаа ямар ч тохиолдол алга. Яагаад ямар ч гомдол байхгүй байна гэхээр жилдээ 40 мянган хүн эндээс нөхөн төлбөр авч байгаа юм. Яг энэ жолоочийн хариуцлагын даатгалтай холбогдолтой 2000 гаруй хүн байдаг. Тэгэхээр энэ хуульд зааснаар, хэрвээ хувийн компанид хийгдэхгүйгээр улсаас хийнэ гэх юм бол 2000 хүний ажлын байрны асуудал хамгийн эхэнд яригдана.
Жолоочийн хариуцлагын хууль зөвхөн Монголд байгаа юм шиг яриад байдаг. Бүх улсад байгаа. Яаж явж байна вэ гэхээр үүнийг нэг компани гарч ирээд та нар заавал даатгуулах ёстой гэхээр хэн ч үгэнд орохгүй. Ингэж явж байгаад осол гарах юм бол буцаад л барилцдаг, зодолддог асуудал руугаа л орох юм.
Хуулиа бид дагаж хэрэгжүүлээд явж байгаа. Дээрээс нь 10 жил ажлын байраа бэлэн болгоод хүмүүсээ сургаад явсан нөөц бололцоог байхгүй болгоно гэдэг УИХ-ын хувьд, холбогдох гишүүдийн хувьд маш хариуцлагагүй үйлдэл” гэлээ.