Хууль бусаар ан агнах гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 51 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хэргээр буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 29.2 хувийг эзэлж байна.
Тухайлбал, энэ оны есдүгээр сард иргэний өгсөн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад СБД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр иргэн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл дотор Хүрэн баавгайн түүхий эд болох дөрвөн ширхэг баавгайн савар, Халиун бугын цусан эвэр хоёр ширхэг, чив, сүүл зэргийг тээвэрлэн авч явж байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Увс аймгийн Ховд сумын нутаг Бураатын халх гэх газраас энэ оны аравдугаар сарын 10-ны өдөр хоёр тооны янгир ямааг хууль бусаар агнасан гэх гомдол мэдээллийг хүлээн авч хэргийн газрын үзлэг хийж, хэргийн газраас эд мөрийн баримтаар галт зэвсгийн сумны хонгио нэг ширхэг, гутлын мөр, тээврийн хэрэгслийн мөр зэргийг бэхжүүлэн авч шалгалтын ажиллагаа явуулахад, Увс аймгийн Өмнөговь сумын хоёр иргэн бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр янгирын тэх хоёр толгойг агнасан хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.
Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан CZ527M карбин загварын галт зэвсэг, галт зэвсгийн сум дөрвөн ширхгийг хураан авч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэн ажилласан байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтад багтсан янгирын тэх хоёр толгойг агнасанд тус бүрийн экологи эдийн засгийн үнэлгээ 2,700,000 төгрөг буюу нийт 5,400,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.