“Гашуун яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт залуу комидиан, циркчин М.Баяржаргал оролцлоо. Тэрбээр циркчин болсон шалтгаан, комидиан болсон түүхээ бидэнтэй хуваалцаж ажилч, хичээнгүй, хөдөлмөрч байсныхаа үр дүнд өнөөдрийн зэрэгт хүрсэн талаараа ярилаа.
-Урилга хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үед юу хийж байна. Ингэхэд ямар сургууль төгссөн бэ?
-Би СЭЗИС-ийг түрүү жил төгссөн. Мобикомын маркетингийн албанд ажиллаж байгаа. Мөн хувиараа бизнес эрхэлдэг. UB Comedy клубын уран бүтээлчээр ажилладаг. Циркийн жүжигчин мэргэжилтэй.
-Их зүйлсийг амжуулдаг бололтой. Комидиан болсон түүхээсээ хуваалцаач?
-Багаасаа комиди үзэж өссөн юм. 15-тай байхад комиди үзье гэхээр 18 хүрээд ирээрэй гээд л нас хүрдэггүй байлаа. 18 хүрээд ирэхэд, +21 гээд бас л оруулаагүй. Тэгээд дахиад гурван жил хүлээж чадахгүй гээд UB comedy-гийн арын албаны ахад хэлж байсан юм. Эндээс комидиан болох хүсэл эхэлсэн байх. Анх UB comedy-гийн Open Mic-аас их л сүрддэг байсан. Нэгдэх өдөр болгон комиди ярихыг хүссэн хүн болгон очиж ярьдаг. Тэр дундаас алалцаж байгаад одоогийн комидианчид төрсөн. Жишээ нь Амаржин, Амраа, Содоо ах нар. Тэр үед би сургууль дээрээ UFE гээд комиди байгуулсан. Ямар ч туршлагагүй байсан ч сургууль дээрээ Stand up comedy event үүсгэхэд тасалбар нь маш хурдан зарагдаад дууссан. Яагаад гэхээр хүмүүс сургууль дээр UB comedy ирэх гэж байна гээд ойлгочихсон. Надтай нийлээд ямар ч комиди хийж үзээгүй таван залуу комиди хийх гээд 200 гаруй хүн цуглуулчихсан. Тэр үед санасныг бодоход маш сайн байсан. Тэрэн дээр бүтэлгүйтсэн бол өдийд ингээд байж байхгүй байх.
Сургууль дээрээ клуб байгуулсан маань жижигхэн голын том загас болж байгаад далайд шаркуудтай өрсөлдөхийн эхлэл болсон.
-UB comedy-гийн анхны тайзан дээр хэр байсан бэ? Хүн инээлгэх хэцүү байдаг байх?
-Тийм шүү. Хөгжилтэй зүйлс их тохиолдоно. Зааланд сууж байгаа 200-300 хүн надруу инээх гээд харчихсан. Амнаас унаж байгаа үг болгон инээдтэй байх ёстой. Би тэнд суга байх эрх байхгүй. Хэрвээ тийм байвал тайзан дээрээ үхнэ л гэсэн үг.
Анхны тайз үнэхээр хэцүү байсан. Сургуулийн тайзан дээр дандаа оюутнууд байгаа шүү дээ. UB comedy-гийн тайзан дээр гараад ирсэн чинь ах эгч аав өвөө эмээгийн үеийн хүмүүс. Үзэгчид, уур амьсгал нь шал ондоо. Тухайн үеийн комидианы наргиа нь ч ондоо. Миний наргиа хажууд нь үнэхээр жижиг байгаа юм.
Тоглолтын үеэр миний наргиа огт орохгүй байсан. Ерөөсөө хүмүүс инээж өгөхгүй. Урд пиво барьчихсан гурван эгч намайг ажиглаад суучихсан. Хөмсгөө зангидаж сонин хараад л. Тэгээд punch line-аа хэлэхэд инээх ёстой шүү дээ. Тэгсэн бүгд чимээгүй. Нөгөө гурван эгчийн нэг нь пивоо уух гэж байснаа болиод хажуу талынхаа эгч рүү хараад “шшшш” гээд л. Тэр үед би энэ тайзнаас буучихдаг юм билүү ч гэж бодсон. Өөрийгөө алчихмаар санагдсан даа. Цаашаа үнэхээр үзэгчдээ авч чадахаа больчихсон. Тэгэхэд Батаа ах хөтөлж байсан юм.. Би тайзан дээр ярихаа болиод “Батаа ах аа” гээд дуудсан чинь хүмүүс намайг шоолж инээсэн. Тэгэхээр нь хүмүүс инээчихсэн юм чинь наргиагаа хэлээд аваад явчихъя гэж бодоод байж байтал Батаа ах яараад тайзны араас гүйгээд л гараад ирсэн. Тэгэхээр нь би “юу гэж л таныг дуудах вэ дээ” гээд үргэлжлүүлсэн. Тэгээд цаашаа наргиагаа хэлсэн чинь хүмүүст наргиа орохгүй. Тухайн үед л комидигийн зах зухаас нь ойлгосон. Тэгээд дахиад Батаа ахыг дуудсан чинь гарч ирдэггүй. Хүмүүс тэрэн дээр инээхээ больчихсон. Ганц инээлгэж байсан зүйл маань хоцрогдчихсон.
-Хүүхэд байхдаа ямар хүүхэд байв аа?
-Өөртөө итгэлгүй хүүхэд байсан. Комиди хийгээд олон хүний өмнө яриад байгаа болохоос бүрэг ичимхий. Багаасаа дээрэлхүүлдэг байлаа. Өөртөө итгэлгүй байх юм бол улам дотогшоо яваад байх юм байна гээд тэмцэж эхэлсэн. Хичээл дээр илтгэл тавихад хүртэл өвдөг салганаад байсан юм. Тухайн үед байрны буланд мөстэй кола зардаг байсан шүү дээ. Ундаагаа уух гээд байж байтал манай байрны дээд талын 2-3 хүүхэд ирснээ ундаагаа өгчих гээд. Үгүй гэсэн чинь миний ундаа руу шууд хуруугаа дүрчихсэн. Тэгээд л тэр хоёр авчихсан. Ундаанд гүйлгэх энүүхэнд, би ундаанд гүйлгээд намайг явуулж байгаа нь их юм гэж боддог байлаа.
-Циркчин болох шалтгаан юу байв? Мэргэжлийнхээ үнэт зүйлийн талаар яривал?
Циркэд 9 дүгээр ангидаа орж байсан. Аав циркийн жүжигчин. Аавынхаа мэргэжлийг өвөлж авч байгаа гэдэг утгаар. Гэхдээ одоогоор хийхгүй байгаа. Цирк бол итгэлцлийн урлаг. Жишээ нь агаар дээр нисч байгаа хүн доор шидсэн, тосож авах хүмүүстээ итгэдэг. Бүх зүйл секунд долиор хэмжигддэг. Нэг доль зөрөхөд тэр хүний гар алдах, команд нь зөрөх, жижигхэн ашгинд амь насаа ч эрсдүүлж болохоор урлаг. Үүнийг би эр зоригийг урлаг гэж боддог. Эндээс би хатуужлыг олж авсан. Цирк бол бүтэн цэрэгжилтийн байдалтай. Тэнд байх ёстой бол тэндээ л байна. Мөн багийн тоглолт. Хүний үг дааж сурах их чухал юм билээ. 10 минутын үзүүлбэрийг бэлдэхэд 10 сар хөлсөө дуслуулдаг. Зарим нь бүр 10 жил бэлддэг байх жишээтэй.
Мөн хийж байгаа бүхэн амжилттай байх албагүйг цирк надад ойлгуулж өгсөн. Аав бол суурь тоглогч гэсэн үг. Одоо нуруу нь маш их өвддөг. Аавын хувьд миний мэдэхийн 6 жил мөр нь цоорхой явсан. Огт эдгэдэггүй. Учир нь өдөр болгон бэлтгэлээ хийдэг.
Би циркийн урлагтаа хөрөнгө босгож байгаад орно. Одоо дунд нь байх юм бол асуудлыг тогоон дотроо харна. Өөр салбарт тоглолт хийж байгаад гаднаас нь харвал асуудлыг томоор харж хөдлөх зүйлээ бэлдэж байна гэсэн үг.
-Таныг их хөдөлмөрч хүн гэж ойлголоо. Хэдэн настайгаасаа ажил хийж байв?
-15 настайгаасаа ажил хийж байсан. Гэр 11 дүгээр хороололд байсан юм. Аав ээж хоёр үнэндээ юугаар ч дутаагаагүй. Тэгсэн ч найзуудыгаа дагаад ажид хийдэг байсан. Бид нар бөөнөөрөө нийлнэ. Хойшоо 100 айл их ойрхон. Хүний 20 мянгаар бараа буулгадаг байсан. Барилга дээр тоосго блок зөөдөг. Оюутан байхдаа бизнес эрхлэх гэж үзсэн. Пудволканы бизнес эрхэлж байсан. Тэр нь дампуурсан. Ресторантай хамтарч байгаад хоолны бизнес ч эрхэлж байлаа. Их сургуулийн хоолны газруудаар хоолоо түгээдэг. Тэр надаас болж дампуурсан. Учир нь амжилттай явж байна гээд би назгайрчихсан юм.
-Бидний үеийн залуучууд хэр хөдөлмөрч байна вэ?
-Хуруу нэмэхгүй байж хошуу нэмээд гээд үг бий шүү дээ. Ажиглагддаг л байх худлаа хүмүүс их байдаг. Хэн нэгнийг элдвээр хэлдэг. Өөрөө амьдрал дээрээ муу байдаг ч юм уу. Ямар ч үр бүтээлгүй эцэг эхээрээ тэжээлгэсэн хэвээр байж бусад хүмүүсийг хийж байгаа ажлаар нь шүүмжилдэг. Зарим нь үд хүртэл унтангуутаа Монголд эрт онгойдог газар алга гээд л. Бид чинь ядуу орны хүмүүс шүү дээ. Тэгэхээр манай залуучууд хөдөлмөрч аж ахуйч байж бүтээгч, үйлдвэрлэгч орон болно гэж боддог. Мэдээж хөдөлмөрлөж байгаа хүн амьдрал үзсэн байна. Наана цаанатай аливаад ханддаг. Ядаж л мөнгөний үнэ цэнийг мэдсэн байдаг юм. Аав ээжээсээ хэрэглээний мөнгө авахдаа санаа зовж байгааг миний хувьд хүмүүжил ёс суртахуун гэж хардаг. Хүн бүрт өөр өөрийн өгөгдөл боломжтой зүйлүүд байдаг. Манайхан түүнийгээ эрж хайдаггүй. Нэг ажил санал болгохоор завгүй гэдэг мөртлөө төрсөн өдөр тэмдэглээд л яваад байна. Залуучууд гоё хөдөлмөрч болоосой гэж бодож байна. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн биш. Бэтэнд бол залуучууд живж байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.