14 настай Х.Отгонбаяр карентины үеэр дүүгээ харж, гэрийнхээ ажлыг хийхийн хажуугаар 3D баримлын шавраар сувинер хийж сурчээ. Анхандаа сонирхож хийж үзсэн ч үүнийгээ хобби болгон хөгжүүлж онлайнаар хүмүүсийн зургаар захиалга авч сувинер хийдэг болжээ.
"ЗУРАХ ЧАДВАР МИНЬ БАРИМЛЫН ШАВРААР СУВИНЕР ХИЙХЭД ТҮЛХҮҮР БОЛЖ ӨГСӨН ГЭЖ БОДДОГ"
Энэ талаар тэрбээр "Намайг Х.Отгонбаяр гэдэг. Би “Уудам Монгол” сургуульд есдүгээр ангид сурдаг. 11, 12 настайгаасаа би 3D баримлын шавраар бүтээл хийж эхэлсэн. Анхандаа энэ баримлын шаврыг туршилтаар авч байгаад хийж үзсэнийхээ дараагаар ер нь иймэрхүү юм цаашдаа үргэлжлүүлээд хийе хоббигоо болгоё гэж бодсон. Би бага ангиасаа эхэлж зурагтаа сайн байсан. Ер нь баримлын шавраар сувинер хийхэд зураг зурах чадвар маань түлхүүр болж өгсөн гэж боддог" гэв.
Хэрхэн фэйсбүүк хуудас ажиллуулж захиалга авдаг болсон тухайгаа "Би карентины үеэр дүүгээ харах, гэрийнхээ ажлын хажуугаар үүнийг хийж эхэлсэн. Хийж байгаад саяхнаас пэйжээ эхлүүлээд ажиллаж байгаа. Энэ баримлын шавар нь 3D баримлын шавар нэртэй. Энэ нь орос баримлын шавар шиг биш хатаад сувинер шиг байж болдгоороо онцлогтой. Олон төрлөөр байдаг. Тэгээд муу, сайн гэж байгаа. Баримлын шавраа сайн бичиг хэргийн дэлгүүрээс сонгож чадвал ер нь хүссэн бүтээлээ хийхэд нь хэрэгтэй.
Анхандаа жижиг хүүхэлдэйн баатар өөрийнхөө хийх дуртай баатраа хийвэл цаашдаа хүүхэд өөрийгөө илүү хөгжүүлээд явчихдаг. Би өмнө нь баримлын шавраар юм хийдэг хүүхдүүдийн группд байдаг байсан. Энэ групп дээр хийсэн юмныхаа пост хийхээр хүмүүс ер нь сайнаар хүлээж авдаг. Хүүхдүүд ер нь зураг зурах талдаа байдаг. Ийм баримлаар хийдэг цөөхөн хүүхдүүд бий" гэж Х.Отгонбаяр хэллээ.
"ИД ШИДИЙН ОРОН"-Д ЗАХИАЛГА БҮРИЙНХЭЭ ОРЛОГООС 5 ХУВИЙГ ХАНДИВЛАДАГ
3D баримлын шавраар бүтээл хийхэд хатаах процесс хамгийн чухал гэв. "Өөрийнх нь арьсны өнгө гэж баримлын шаварт ягаандуу өнгө байдаг. Хэтэрхий ягаан болчихдог болохоор өөр өнгөтэй холихгүй бол болдоггүй. Тэгээд тухайн хүний зурган дээр байгаа арьсны өнгөтэй тохируулж хийдэг. Зарим жижиг зүйлүүд нь солигддог. Гэхдээ ихэнх зүйлүүдийг нь яг адилхан хийдэг. Эхлээд толгойгоо хийнэ эхлээд үүний дараа их биеийг нь хийгээд дараагаар нь хувцасныхаа загварыг гаргаад эсвэл тэр хүний явуулсан зургаас хувцсыг нь дуурайлгаж хийдэг. Суурийг нь хийгээд хатаадаг. Хатаах процесс нь хэцүү. Буруу хатаавал далийгаад суурь нь буруу болоод явчихдаг.
Пэйж дээр чатаар надад зургаа явуулаад яаж хийлгэмээр байгаагаа хэлээд өөрийнхөө санал бодлыг хэлээд хийдэг байгаа. “Ид шидийн орон”-нд орж буй захиалга бүрийнхээ 5 хувийг хандивладаг. Миний үеийн хүүхдүүд тэнд маш их байдаг. Хүүхдүүдийн ирээдүйд нь тус болох үүднээс орлогоосоо 5 хувийг хандивладаг.
Ер нь бэлэг боодол боох дуртай. Бас жижиг сажиг нарийн зүйлүүдийг хийх дуртай. Бас хувцасны загвар гаргах их дуртай. Ирээдүйд би үүнээс арай өөр төрлөөр мэргэжил сонгосон. Жижиг сажиг зүйл хийдэг болохоор мэс засалч эмч болохыг хүсдэг" гэж Х.Отгонбаяр ярилаа.