Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүдийн төмөр зам, Баянхошуу, Гашуунсухайт, Ханги авто замын боомтууд нээлтэй байна. ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтууд ажиллаж байна. Засгийн газрын 2011 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 73-р тогтоолын нэгддүгээр зүйлд эм, эмийн хэрэгслийг Чингис хаан, Сүхбаатар, Алтанбулаг, Замын үүд боомтоор нэвтрүүлж байхаар тогтсон байдаг.
Өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл татан авах боломжтой болж байна. Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр эм, эмнэлгийн хэрэгсэл татан авахтай холбоотойгоор 672 сая төгрөгийн Эрүүл мэндийн сайдын багцаас төсөвлөж, БНСУ, БНХАУ-аас тус бүр хоёр, нийт дөрвөн удаагийн нислэг зохион байгуулна. Арваннэгдүгээр сарын 5, 8, 10, 15-ны өдрүүдэд нислэг үйлдэнэ. Хувийн хэвшлийн ханган нийлүүлэгчид эм, эмнэлгийн хэрэгсэл онгоцоор татан авч байгаа ба үүнтэй холбоотойгоор үнийн өсөлт ажиглагдаж байна" гэлээ.