Нийгмийн бодлогын Байнгын хорооны өчигдрийн /2021.10.27/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг коронавирусийн халдвараар өвчлөөгүй 2,7 сая хариуцлагатай иргэнд талархлаа илэрхийлж, нэг удаагийн урамшуулал олгоё гэв.
Тэрээр, "КОВИД-19 тусаагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө хариуцлагатай байгаа 2,7 сая орчим иргэндээ нэгдүгээрт талархлаа илэрхийлж, хоёрдугаарт тэр хүмүүстээ нэг удаагийн дэмжлэг юм уу сувилалд хамруулдаг ч юм уу, 2022 оны төсөвт ч гэсэн иймэрхүү хүмүүстээ яаж хандах талаар бодолцох хэрэгтэй. Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2,7 сая хүндээ бид талархах ёстой. Хүмүүс хараад, биеэ зөв авч явдаг, эрүүл байдаг, дархлаатай байдаг хүмүүсээ ингэж гоё урамшуулдаг юм байна. Би бас анхаарах ёстой юм байна гэсэн ёс зүй төлөвшүүлж, төсөв төлөвлөгөөтэйгөө уях ёстой" гэлээ.
М.Оюунчимэг гишүүн сэтгүүлч мэргэжилтэйн хувьд эрүүл мэндийн талаар маруухан ойлголттой байж болох ч хариуцлагатай ажил эрхэлдэг хүний хувьд хэлэх үг, хийх үйлдлээ мэдэхгүй бол мэргэжлийн хүнээс асууж болмоор. Сайн сэтгүүлч бол хоёроос гурван төвшний эх сурвалжаар баталгаажуулсан мэдээллийг олон нийтэд түгээдэг шиг тэр мэргэжлийн байдлаа ажилдаа ашиглаж эрдэмтдээс, эмч нараас зөвлөгөө авч байгаад үгээ хэлж болох байв.
Жишээ нь өвчлөлийг мэргэжилтнүүд халдварт ба халдварын бус гэж хоёр ангилдаг байна. Халдварын бус гэдэгт жишээ нь хавдар багтана. Ёстой л М.Оюунчимэг гишүүний хэлдгээр өөрийгөө хамгаалаад, өөртөө анхаараад тусахгүй байх магадлал өндөртэй өвчин. Харин халдварт өвчин бол хүн төрөлхтөн үүссэн цагаас л эхэлж байсан ба хүн төрөлхтний түүхэнд буюу өнгөрсөн зуунуудад халдварт өвчин, байгалийн гамшиг, дайн тулаан л Дэлхий иргэдийн гол зовлон байв. Өөрөөр хэлбэл халдварт өвчин нь хүний хариуцлагатай, арчаатай, арчаагүй байдалтай холбоотой биш. Тэр тусмаа хүний нүдэнд үл үзэгдэх хэмжээтэй, агаар дуслын замаар халдаж байгаа ковидийн цар тахлын үед хариуцлагатай нь тусаагүй, хариуцлагагүй нь тусаад байгаа мэтээр ярих нь мэдлэггүй, мэдээлэлгүй төрийн түшээгийн амнаас л унах үг.
Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа “Агаар дуслын замаар халддаг халдварт өвчнөөс хамгаалах урьдчилан сэргийлэх маш хэцүү. Хүний дархлаа тогтолцооноос хамаарч вирусийг эсэргүүцэх чадвар өөр өөр байна” гэдэг тайлбар хэллээ.
Тодруулбал, дархлаа тогтолцоонд нөлөөлөх таван гол хүчин зүйлс бий. Үүнд:
1. Нойр (бүтэн нойртой, чанартай унтах)
2. Хоол хүнсний тэнцвэртэй хэрэглээ
3. Хүний биед орших ашигтай бактерийн төрөл зүйл
4.Антиоксидант буюу бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүнийг гадагшлуулах, ангижруулах хүнс, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг байдал
5. Хөдөлгөөн хийдэг эсэхээс хамаараад хүн бүрийн дархлаа өөрөөр байна гэв.
ДЭМБ болон мэргэжлийн эмч нар ч коронавирусийн халдвараас 100 хувь урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжтой хувилбарыг өнөөдрийг хүртэл ч танилцуулаагүй байна.
М.Оюунчимэг гишүүний үгээр бол өнөөдрийг хүртэл коронавирусийн халдвараар амиа алдсан 1616, коронавирусийн халдвар авсан 353,504 монгол хүн арчаагүйдээ өвчилсөн болж таарч байна. Мөн байнгын халдвар хамгааллын дэглэмээ барьж, маск зүүж, ариутгал бүхий орчинд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд ч арчаагүй дээ халдвар авсан болж таарлаа.
М.Оюунчимэг гишүүний эл мэдэгдэл нь ард иргэдээ ялгаварлан гадуурхсан, туссан өвчнөөр нь тохуурхсан, амиа алдсан иргэдийг гутаасан үйлдэл болов. Буруугаа ухамсарлаж уучлалт гуйх уу? Эсвэл гөжиж халдварт өвчин туссан хүнийг хариуцлагагүй хэмээн дээрээс ёжлолоор утсаар суух уу? Бид ямар төрийн түшээ сонгоод явуулснаа харах үлдэж байна.