Есдүгээр сарын 1-нээс хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлж сурагчид танхимаар болон цахимаар ээлжлэн хичээллэж байгаа. Энэ үед сурагчид цахим хэлбэрээр хичээллэхдээ авах ёстой мэдлэгээ авч чадаж эсэхийг сурвалжлан ЧД-ийн 49 дүгээр сургууль дээрээс сурвалжиллаа.
СУРАГЧИД…
-Цахимаар орох маш хүндрэлтэй байдаг. Багшаас мэдэхгүй зүйлээ асууж, харилцаж хичээллээд сурчихсан болохоор зөвхөн утас ширтээд хичээллэхэд хүндрэлтэй. Бидний хувьд хичээлийн хоцрогдол их байгаа. Сурагчид заавал багшийн шаардлагаар хичээллээд сурчихсан болохоор, зарим нь бие даагаад хийж байгаа ч зарим нь орхичихдог. Хосолсон хэлбэрийн хичээлд үр дүн одоогоор харагдахгүй байна. Цахимаар хичээллэх үед багш нар өөр ангид цагтай байх зэрэг давхацсан тохиолдолд хичээл огт ордоггүй. Цахимаар орж байгаа долоо хоногт амралтын байдалтай байна.
-Цахимаар хичээллэх нөхцөл нь бүрддэггүй. Танхимаар багшаасаа ойлгохгүй зүйлээ асууна. Харин цахимаар асуух боломж байхгүй. Хэцүү байдаг. Хүүхдүүд хийхгүй байх тохиолдол их. Гэртээ байгаа үед ер нь л цахим хичээл хийдэггүй. Олон хүүхэдтэй айл байлаа гэхэд дата авахаас эхлээд мөнгө их зарцуулдаг.
-Өөртэйгээ тулж ажиллаад байвал болдог. Теле хичээлүүд 6-12 дугаар анги хүртэл гарч байгаа шүү дээ. Түүнээс ЭЕШ өгөх хичээлээ давтах зэргээр өөртэйгөө тулж ажиллаж болно. Гэртээ интернет датагүй, эсвэл дундаа нэг утастай хүүхдүүд хичээлээ хийж чаддаггүй. Манай ангид тийм хүүхэд ганц хоёр байдаг.
-Хүүхдүүд цахим хичээлийг хангалтгүй гэж үзэж буйтай холбогдуулан 49 дүгээр сургуулийн сургалтын менежер С.Өнөрбилэгээс тодруулахад, “Манай багш нар хотын захад байдаг болохоор цахим хичээлийг гэрээсээ явуулах хүндрэлтэй байдаг. Тиймээс сургууль дээрээ кабинет гаргаад интернет техник хэрэгслээр хангасан. Тиймээс багш нар хичээлээ маш сайн орж байгаа. Хүүхдүүд хоёр жил өнжөөд орж ирэхдээ идэвхгүй сул харагдаж байгаа ч одоо дадаж байна” гэлээ.
Бид өнгөрсөн удаа ЕБС болон их дээд сургуулиуд хичээлийн хоцрогдлоо хэрхэн нөхөх, шинээр төрж буй залуу боловсон хүчнийг чанаржуулахын тулд юун дээр анхаарах ёстой талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцахад, гурван сарын хоцрогдлыг нөхөхөд нэг жил шаардлагатай талаар хэлж байсан. Гэтэл хоцрогдлоо нөхөх зайлшгүй шаардлагатай энэ үед цахим хэлбэрийн хичээл үр дүнгүй байгаа нь Боловсолын яамнаас анхаарах ёстой асуудлын нэг болоод байна.