Аливаа зүйлийг зургаар илэрхийлэх нь ойлгоход илүү амар. Тэгвэл өөрт төрсөн сэтгэгдлээ зураг зурж илэрхийлдэг төдийгүй сэтгэл зүйн талаарх мэдрэмж, мэдээллийг сонирхолтой аргаар зурж хүргэдэг "Meira.q" инстаграм хаяг хөгжүүлэгч, контент бүтээгч Мэйратай уулзаж хэрхэн өөрөө өөрийгөө таньж мэдэх талаар ярилцлаа.
Тэрбээр "Хүмүүс намайг Мeira гэдэг нэрээр минь илүүтэй мэднэ. Би сэтгэл зүй болон уран зураг, загварын чиглэлийг сонирхдог. Одоо энэ чиглэлүүдээр өөрийгөө илүү хөгжүүлээд бие даагаад ажиллаж байгаа. Бага байхдаа олон асуудалтай тулгарч байсан. "Childhood trauma" буюу хүүхэд насны сэтгэлийн шарх гээд байдаг даа. Тиймэрхүү юмаа гэрийнхэндээ найзууддаа ярьж чаддаггүй байсан болохоор би багаасаа их зураг зурдаг хүүхэд байсан. Хэлж чаддаггүй байсан зүйлсээ зургаар илэрхийлсээр байгаад зурагт дуртай болсон. Одоо хийж байгаа зүйл минь ч яг үүнтэй нэлээд төстэй гэж хэлж болно. Хүнд хэлж чадахгүй байсан депресстэй холбоотой мэдрэмжүүдээ анх зургаар илэрхийлж байсан.
"ЗУРАГ МИНИЙ ХОЁР ДАХЬ ХЭЛ"
Зураг миний хоёр дахь хэл гэх юм уу. Анх сэтгэл зүй нээх их сонирхдоггүй байсан. Жил гаруйн өмнө өөрөө сэтгэл зүйн гүн хямралд ороод үүнээс хойш сэтгэл зүйг нэлээн сонирхож эхэлсэн. Өөрөө сэтгэл зүйн ном уншаад, холбогдолтой зүйлсийг хараад тэгж байж өөрийгөө яг таньсан гэж хэлж болно. Үүнээс өмнө сэтгэл гутралтай байснаа хэлж чадахгүй нэлээн удаан явчихсан. Энэ талын мэдээлэл хараад эхлэхээр надад илрээд байгаа шинж тэмдгүүд сэтгэл зүйн асуудал юм байна гээд илүү ойлгосон.
Анх сэтгэл зүйн депрессийн талаар яаж мэдрэгддэг байсан тухай цуврал зураг зурсан. Тэгсэн хүмүүст таалагдаад үргэлжлүүлээд би сэтгэл зүйтэй холбоотой бодож, мэдэрч байсан зүйлсээ зургаар илэрхийлж анх контент хийж эхэлсэн.
"ТОЛИНД ХАРЖ БАЙГААД ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ МЕНТОР ХИЙСЭН"
Өөртэйгээ ярилцах маш чухал байдаг. Ярилцах гэхээр хүмүүс яг яаж ярилцахаа мэддэггүй. Миний хувьд маш их бичдэг байсан. Хааяа бүр толинд хараад өөртэйгөө ярьдаг байсан. Бодол дотроо ч гэсэн өөрөөсөө шударга асуултууд асуудаг. Өөрөөсөө айхгүйгээр шударгаар нүүр тулах хэрэгтэй. Ментортой ярилцсан юм шиг өөртөө тэгж ментор өгдөг байсан юм шиг санагддаг. Тэгэхээр өөртэйгээ ярилцаж өөрийгөө ойлгох нь маш чухал гэж боддог.
"СУРГУУЛЬД СУРАЛЦААГҮЙ Ч СУРАХ ПРОЦЕСС ЗОГСОХГҮЙ"
12 дугаар ангиа төгсөөд их сургуульд оръё гэдэг бодолтой байгаад өмнө нь сайн бэлдэж чадаагүй. Gap Year авахгүй бол бэлдэж амжихгүй. Тэгээд gap year аваад эхний жилдээ хэдэн сургуульд тэнцсэн, тэнцээгүй гээд би сурахаа больчихсон. Дараа жил нь ахиад хичээе гээд дахиж нэг жил gap year авсан. Их сургуульд сураад сайн хүрээлэлтэй болох, зайлшгүй академик мэдлэг авах шаардлагатай хүмүүс гэж байна. Миний хувьд сургуульд тодорхой нэг мэргэжлээр сурахаас илүүтэй практик дээр олон зүйлсийг хийж үзье гэж бодсон. Биеэ дагаад олон зүйлс хийгээд ирэхээр юуг, яаж хийхээ мэддэг болчихдог.
"МЭДРЭМЖЭЭ БҮҮ ҮГҮЙСГЭ"
Өөрт тохиолдож байгаа зүйлсэд хатуу хандаж болохгүй. Мэдрэмжээ байгаагаар нь хүлээн авч илэрхийлэх нь чухал. Хүн бүр өөр өөрийн аргаар илэрхийлдэг. Зарим нь бичдэг бол дуулах, зурах зэрэг олон арга бий. Өөрт тохирсон арга барилаар мэдрэгдэж буй мэдрэмжээ дотроо хадгалах биш илэрхийлэх нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Мөн мэдлэгтэй болох маш чухал санагдсан. Асуудалтай байгаагаа маш сайн таних хэрэгтэй. Үүний тулд холбогдолтой зүйлүүдийг уншиж мэдэж танивал зүгээр. Ойлгоод ирэхээр хүн яаж сэргийлэх вэ? юу хийвэл өөртөө туслах вэ гэдгээ бага багаар ойлгоод эхэлчихдэг санагдсан.
Би наймдугаар сард бүтэн цагийн ажлаасаа гарсан. Үүнээс хойш би зураг дээрээ илүү фокуслаж байгаа. Загварыг жендерийн нийгмийн асуудалтай яаж холбож загвараар хүнд хүргэж болох вэ гэдэг дээр ажиллаж байна" гэж тэрбээр өөрт тохиолдсон зүйлс дээрээ үндэслээд дараах нөхөрсөг зөвлөгөөг өглөө.