“Олон улсын боловсролын хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх туршлага, сургамж, гарц, шийдэл” хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай,Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг байнгын болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 7 ажлын хэсгүүдийг байгуулсан бөгөөд Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгүүдийг нэгдсэн удирдлага, ерөнхий чиглэл, зохион байгуулалтаар ханган ажиллаж, хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдиннямд үүрэг болгосон билээ.
Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй энэхүү хэлэлцүүлэг нь дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэх боловсролын шинэчлэлийн зорилгод нийцсэн чухал ач холбогдолтой хэлэлцүүлгийн нэг боллоо.
Хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням удирдаж, хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий боловсролын сургуульд олон улсад өрсөлдөх чадвартай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь” илтгэл тавьсан. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролын бодлого, үйл ажиллагаа тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх зарчмыг тусгаж, олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөр чанартай боловсрол эзэмших, эзэмшсэн мэдлэг, чадвар, суралцахуйн хандлагаа үнэлүүлэх боломжийг хүүхэд бүхэнд нээлттэйболгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төсөлд тусгагдсан талаар танилцууллаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд илтгэлдээ “Монгол-Кембрижийн боловсролын санаачлага” шинэчлэлийг хэрэгжүүлсэн өнгөрсөн хугацаанд нэлээдгүй ололт, сургамж, туршлагыг хуримтлуулсан бас алдаа оноогоо дүгнэсэн он жилүүд байсан ч өнөөдрийн байдлаар олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн жишиг сургуулиудыг төгссөн төгсөгчдийн 60 орчим хувь нь дэлхийн 20 гаруй улсын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж төгссөн, энэ сургуулиар дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийн менежмент, багшийн сургуульд суурилсан мэргэжлийн тасралтгүй хөгжил, суралцагчийн болон багшийн үнэлгээ, түүнийг сургуулийн хөгжилд эргэх холбоотой ашигладаг аргачлал, санхүүжилтийн аргачлал, сургуулийн экосистемийг бүрдүүлэх талаар их ололттой ажиллаж, туршлага хуримтлуулж чадсаныг ч онцлон тэмдэглэлээ. Харин “Монгол-Кембрижийн боловсролын санаачилга” шинэчлэлийг боловсролын мэргэжлийн байгууллага институцдаа тулгуурлалгүйгээр хэрэгжүүлсэн явдал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр дүнтэй технологи, ололтыг үндэсний тогтолцоонд түгээн дэлгэрүүлэхэд гол үүрэг бүхий институцуудын чадавх бэхжиж чадаагүй байгааг тэмдэглэн хэлсэн. Мөн түүнчлэн цаашид үндэсний хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих эко систем бүрдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай хөтөлбөрийг боловсруулж, хөтөлбөрийг хүлээн зөвшөөрүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа талаараа дурдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр “Олон улсын стандартын боловсролыг нэвтрүүлэх нь: туршлага, сургамж, шийдэх гарц” илтгэлдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх хугацаандаа олон улсын стандартыг баримжаалсан шинэчлэлийг эхлүүлж, хэрэгжүүлсэн талаар болон тухайн үед энэхүү шинэчлэлийн бодлогын хүрээнд олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцоог хөгжүүлэх, нэвтрүүлэх талаар хэрхэн ажилласан мөн цаашид боловсролын шинэчлэлийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцоог бэхжүүлэх асуудлаар хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээний талаарх саналаа илэрхийллээ.
“Шинэ эрин” сургуулийн захирал Б.Амартүвшин “Олон улсын стандартын боловсролыг нэвтрүүлэх нь: туршлага, сургамж, шийдэх гарц” илтгэлдээ олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн сургуулийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээг тодорхойлж, хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд санал бодлоо илэрхийллээ.
“Шинэ эхлэл” сургуулийн химийн багш Ж.Батхишиг “Байгалийн ухааны хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, багшийг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжихөд дэмжлэг хэрхэн үзүүлдэг болон байгалийн ухааны хичээлийн хөтөлбөрийн агуулга, арга зүй, шалгагдах хэв маягийг танилцуулж, хичээлдээ бэлтгэн төлөвлөх, тухайн хөтөлбөрийн зорилгод оновчтой тохирох арга зүй, үнэлгээний хэлбэрүүдийг сонгон хэрэглэх, тухайн хичээлд зориулан Кембрижээс боловсруулан гаргасан хэрэглүүрүүдийг суралцагчийг хэрэглэж дадахад хэрхэн чиглүүлэх болон Кембрижийн хөтөлбөрөөр суралцагч нь боловсрол, ажлын талбар, улс орондоо, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаа талаар танилцууллаа.
Мөн “Монгол тэмүүлэл” сургуулийг төгсөгч Б.Хишигдэлгэр “Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуульд суралцсан миний туршлага” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хэлэлцүүлгийг хааж үг хэлэхдээ Монголын боловсролын хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрийн хэмжээнд хүргэж хөгжүүлэх нь зүйтэй талаар онцлон тэмдэглэлээ.