Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас их дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөнжүүлэх тогтоол албажиж гарлаа. Их, дээд сургуулиудыг орно нутагт хөгжүүлэх нь дан ганц нийслэлд үүсээд байгаа түгжрэлийг бууруулах асуудал биш. Хамгийн гол нь хөдөө орон нутаг, бүс нутгийн хөгжлийн асуудал.
Өмнө нь Улаанбаатар хотод байгаа их, дээд сургуулиудын салбарыг аймгуудад байгуулах, нүүлгэх тогтоол гарч байсан ч бодитоор хэрэгжээгүй.
Монгол Улсад 88 их дээд сургуулийн 150 мянган оюутан байдгаас 143 мянга нь нийслэлд сурдаг бол үлдсэн 7-8 мянга нь хөдөө орон нутагт суралцаж байгаа үзүүлэлт байна. Гэхдээ бид оюутнуудыг буруутгаж болохгүй. Тиймээс цаашдаа бид хөдөө орон нутгийн их дээд сургуулийг хөгжүүлж нийслэлийн төвлөрлийг сааруулна. Төгссөн оюутнуудын хэдэн хувь нь ажлын байртай болж байгааг судалж тухайн сургуулийн чанарыг мөшгөх замаар тодорхойлно.
Эрдэнэт Дархан, Өмнөговь аймагт сургалт судалгааны цогцолбор байгуулж 10-15 мянган оюутныг сургах ШУТИС, ХААИС-ийг байгуулна. Хэрэв энд уул уурхайн мэргэжил олгож эхэлбэл Улаанбаатарын их дээд сургуулиудад хөтөлбөрийн давхцал гаргахгүй. Одоогоор Эрдэнэт, Дарханд оюутны дотуур байр, сургуулийн байрынхаа ердөө гуравны нэгийг ашиглаж байна. Тиймээс хичээлийн байруудыг өргөтгөл хийх замаар байгуулна. Харин Өмнөговь аймагт шинэ цогцолбор барина.
Мөн ахлах сургуулийн төрөлжсөн сургууль, МСҮТ, коллеж хэлбэрээр сургалтын хэлбэртэй байх болно. Нэг үгээр Улаанбаатарт авдаг дээд боловсролын сургалтын чанарыг хөдөө орон нутагт ч авах боломжийг бүрдүүлнэ. Оюутныг өгсөхөөс өмнө ажлын байртай болгодог сургуулиуд ч бий.
Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгоно. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа их дээд сургуулийн багш нарын цалин тухайн аймаг, сумдын дунд сургуулийн багшийн цалингаас доогуур байна. Тиймээс тэдний нийгмийн баталгааг дээшлүүлэх, “хөдөөгийн нэмэгдэл” олгох, ипотекийн зээл олгох, цалин урамшууллыг нэмэх гэх мэт цогц хэлбэрээр асуудлыг шийдвэрлэх болно.
Засгийн газраас баталж байгаа тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны төсвийн төсөлд 10 орчим тэрбум төгрөг суулгасан" гэлээ.