Өчигдөр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, намын даргаас өгсөн чиглэлийн дагуу, үндсэн дүрмийн хүрээнд 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 27, 28 дугаар тогтоолоор, Н.Ганибал Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийдвэр гаргасан талаар мэдээлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт намын бүлгийн гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг чөлөөлсөн хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү АН-ын бүлэг найман гишүүнтэй болсон.
Харин өчигдөр “нөгөө” АН буюу О.Цогтгэрэл тэргүүтэй найман гишүүн мэдээлэл хийж, АН-ын бүлгийн олонхоор Д.Ганбатыг бүлгийн даргаас нь чөлөөллөө гэсэн юм.
Харин түүний орыг бүлгийн дэд дарга Н.Ганибал залгах юм. Тэгвэл АН-ын бүлгийн дараагийн дарга хэн болох вэ? Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “хүн” Ц.Туваан бүлгийн дарга болж, Х.Баттулга АН-аа авна гэсэн мэдээлэл хөврөөд буй.
Бид Ц.Туваан гишүүнээс бүлгийн дарга болох хүсэл, сонирхолтой байгаа талаар тодруулахад тэрээр бүлгийн даргад нэрээ дэвшүүлнэ гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.Туваан: Гадуур намайг бүлгийн дарга болно гэсэн мэдээлэл яваад байгааг уншсан, сонссон. Манай бүлгийн дарга өөрт олгогдоогүй эрх хэмжээгээ хэтрүүлээд өөрөө бүлгийн өмнөөс шийдвэр гаргаад тайлбар өгөөд яваад байгаа. Тэгэхээр өнөөдрийн /2021.10.18/ бүлгийн хурлаар бүлгийн даргыг огцрууллаа. Огцруулсан тохиолдолд дараагийн даргын асуудал яригдана. Дараагийн даргын асуудлыг өнөөдөртөө манай бүлэг хойшлуулаад хоёр дэд даргын нэг болох Н.Ганибалд үүрэг гүйцэтгэгчийг хариуцуулаад явж байна. Дараагийн бүлгийн даргын хурал дээр би бүлгийн даргад нэр дэвшиж өрсөлдөнө гэсэн бодолтой байгаа. Бүлгийн дарга болох хүсэлтэй байна.
Ийнхүү АН С.Эрдэнийн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн гэж хоёр хуваагдсан хэвээр. Харин О.Цогтгэрэлийн ард Халтмаагийн Баттулга чиглүүлж буй, тиймээс бүлгийн даргад Ц.Тувааныг дэвшүүлнэ гэх яриа “батлагдаж” Ц.Туваан нэр дэвшихээ хэллээ. Бүлгийн даргад өөр хэн хэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх нь одоогоор тодорхой бус байна.