УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг дээр өөрийн саналаа хэлж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Процесстой холбоотой шүүмжлэлтэй хандаж байгаа зүйлээ хэлмээр байна. Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлж төсвөө боловсруулдаг. Энэ хууль 2010 онд батлагдсанаас хойш 11 жилийн дотор 11 удаа төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөн баталсан байдаг. Бид төсөвтөө тохируулж төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд байгаа. Гэтэл бид төсвөө тогтвортой байлгах гэж энэ хуулийг анх баталсан. Үндсэн хуульд ч заасан байдаг. Төрийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Гэтэл үүнийг тогтворгүй байлгаад байгаа асуудлыг цаашид анхаарах ёстой гэж үзэж байгаа юм. Аудитын дүгнэлтийг харж байхад Засгийн газар дээр хэлэлцүүлж байгаа процесс хангалтгүй харагдаж байна. Дүгнэлт дээр төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаагүй. Үр дүнгийн үзүүлэлтүүд нь бүрэн тусгагдаагүй. Төсвийн ерөнхийлөн захирагчдын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан газар нэгжийн оролцоо хангалтгүй гэжээ. Тэгэхээр Засгийн гаар дээр хангалттай хэлэлцэхгүй байна гэж харагдаж байгаа. Үүнийг цаашид анхаарах ёстой юм болов уу гэж бодож байна. Дээрээс нь төсөвт гадаад зээл тусламжаар хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт тодорхойгүй, байхгүй байна гэж аудитын дүгнэлт дээр байна. Ямар түвшинд очих гээд энэ хөрөнгийг зарцуулаад байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байна.
Төр зарим үйлчилгээг хувийн хэвшлээс авна гэж байгаа. Гэтэл төсөвт 652.2 тэрбум төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн үйлчилгээний төлбөр гэдэг ерөнхий нэрээр оруулсан байна. Яг юунд хэдэн төгрөг зарцуулах нь тодорхойгүй. Үүнээс болж л төсвийн хяналт суларна. Тиймээс үүнийг тодорхой болгох шаардлагатай байна.
Мөн хоёр яам, дөрвөн агентлагийн асуудал байна. Боловсролын ерөнхий газар гээд 13.5 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Боловсролын багц хууль яг одоо Их хурлаар хэлэлцэгдэх гэж байгаа. Энэ хуульд шинэ агентлаг байгуулах тухай тусгагдаагүй байхад хөрөнгө төсөвлөөд оруулж ирж байна. Дээрээс нь И Монгол академи гэдэг ямар зорилготой, ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй академийн асуудлыг оруулж ирж байна.
178.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй улсын хэмжээнд хийх 21 төсөл, арга хэмжээ байна. Бүх аймаг, дүүрэгт юм уу, яг хаана юу хийх нь тодорхойгүй байна” гэлээ.