Нөхөн сонгуультай холбогдуулан ХҮН-аас мэдээлэл хийлээ. Тус намаас УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойрогт Б.Найдалаа нэр дэвшиж, саналын тоогоороо хоёрт жагссан юм.
Энэ үеэр Т.Доржханд “Өчигдөр Монгол Улсад хоёр тойрог дээр нөхөн сонгууль болсон. Нөхөн сонгуулийн үр дүнд бид нийтээрээ харамсаж байна. Нийт иргэдийн маань 40 хүрэхгүй хувь саналаа өгсөн байна. Сонгуулийн ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт авах нөхцөл байдал үүсээд байна. Бүгд мэдэж байгаа. Эрх баригчид машин, машинаар нь иргэдээ зөөж, дүүрэг хороодын бүх ажилтан алан хаагч, төрийн өмчийн компанийг ажиллуулсан мэдээлэл ирж байна. Маш олон хүн зөөгөөд ч ирц хүрсэнгүй. Ийм байдлаар байвал ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үед амьдарч байна. Иргэд саналаа өгөхгүй, сонголтоо хийхгүй гэж байна. Энэ бол эрх баригчдад, улс төрийн намуудад өгч буй маш том сануулга. Энэ бол маш олон алдаатай шийдвэрүүд гаргасны гор.
Яг үнэндээ Монголын ардчилал сум, багийн дарга, тэдгээрийн дор ажиллаж байгаа ажилтнууд мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна. Иймд бид Монголын ардчиллын хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэдгийг эрх барьж байгаа нам болон улс төрийн бүх хүчнүүдэд уриалж байна.
- Сонгуулийн холимог системийг яаралтай үндсэн хуульд тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй. Энэ ажил руугаа хамтдаа орцгооё.
- Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаагаа явуулах боломжийг нь хангацгаая. Хамтдаа хийцгээе.
- Сум, дүүрэг, баг, хороог улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог байхаар зохицуулалтыг ажил хэрэг болгоё.
Эдгээр асуудалд хамтарч ажиллахыг нийт улс төрийн хүчнээс уриалж байна. Мөн дангаараа ноёрхох бодлогоо хорихыг МАН-ын удирдлагаас шаардаж байна. Өнөөдөр хэн ялсан нь чухал биш. Гэхдээ бидэнд ардчилал маш үнэ цэнтэй. Ардчиллаа хамгаалж үлдэхийн тулд сонгууль нь зөв, шударга, ардчилсан сонгуульдаа иргэд нь идэвхтэй оролцдог байх ёстой” хэмээв.