"Ид шидийн орон" төв хоёр сарын хугацаанд хүүхдүүдүүдийг зургийн хичээлд хамруулсан. Ийнхүү хоёр сарын хугацаанд хүүхдүүд сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж зургийн үзэсгэлэн гаргасан юм. Хүүхдүүдэд зургаар дамжуулан сэтгэл заслын эмчилгээ болон өөрийгөө ойлгож илэрхийлэх аргыг заасан РЦНКийн дезайнер, чөлөөт уран бүтээлч, зургийн багш Линдатай ярилцлаа.
Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Линда гэдэг. 21 настай. Строгановын нэрэмжит москва дахь дизайны академид мультимедиа дизайн чиглэлээр сурч байгаад ирсэн. Одоо мэргэжлээрээ ажиллахаас гадна нийгэмд хэрэгтэй хүүхдүүдэд чиглэсэн зургийн хичээл заадаг.
Анх хэрхэн зурж эхэлсэн бэ?
Миний хувьд анх хоёр настайдаа эгчийнхээ үзгийг аваад хөнжил дээрээ сараачиж байсан гэж ярьдаг. Тэр үед жоохон байсан ч гэсэн яагаад ч юм би санадаг. Үүнээс хойш би яагаад ч юм зураг зурах маш их дуртай болсон. Цэцэрлэгтээ нэг ч хүүхэдтэй нийлдэггүй зожиг хүүхэд байсан. Тийм болохоор маш их зураг зурдаг байснаа л санадаг.
Зураг зурахаар танд ямар мэдрэмж төрдөг вэ?
Зураг зурах нь надад миний хамгийн сайн найз шиг санагддаг.
Зураг зурж сурахын давуу тал нь юу вэ?
Зураач болох албагүй ч гэсэн зураг зурахын давуу тал нь сууж сураагүй хүүхэд сууж сурдаг. Дотогшоогоо хүн байвал маш их тайвшрал мэдэрнэ. Яг тухайн агшныг байгаагаар нь зурна гэдэг нь бясалгалтай ижил. Асар том сэтгэлийн тайвшрал өгдөг гэж хэлж болно.
Хэр хугацаанд хүүхдүүдэд зургийн ямар ямар хичээл зааж зургийн үзэсгэлэн гаргав аа?
Хоёр сарын хугацаанд хүүхдүүдэд юу заасан бэ гэдгээ л тайлангаар илэрхийлсэн гэсэн үг. Энгийн хар зураг болон уран зургийн онолын мэдлэг сурсан. Энэ хоёр сарын хугацаанд харандаагаа зөв барьж чаддаггүй байсан бол зургийн үзэсгэлэн гаргах хэмжээнд суралцсан гэж хэлж болно.
Ямар арга барилаар заасан бэ?
Зурах арга барилын хувьд хүүхдүүдэд тэрийг хий үүнийг хий гэж хэзээ ч тулгадаггүй. Үнэхээр өөрөө сурахыг хүсэж байна уу? Хэрвээ хүсэхгүй бол дуртай юмаа зур. Учир нь манай нийгэмд юу хүсээд байгаагаа мэдэхгүй өөрийн бодлоор биш бусдын хүслээр байдаг нийгмийн тодорхой давлагаа үүсчхээд байгаа. Энэ нь эртнээс нийгэмд бий болсон. Тиймээс хүүхдүүддээ өөрийн хүсэл сонирхлыг мэдэрч сураасай гэсэндээ хүссэн зүйлийг нь хийлгэдэг.
Хэчнээн хүүхдүүд хамрагдсан бэ? Эдгээр хүүхдүүдэд хоёр сарын хугацаанд ямар өөрчлөлт гарсан гэж та дүгнэх вэ?
Маш олон өөрчлөлт гарсан. Юу зурах вэ гээд асуухад юу ч яах вэ гээд суухгүйгээр сэтгэл хөдлөл, бодлоо илэрхийлж сурсан. Бага насны хүүхдүүдэд сэтгэл зүйн хувьд зурах арга барил тохирдог. Ялангуяа өсвөр нас хүртэлх хүүхдүүдийн зургаас дотоод сэтгэл зүй нь шууд харагддаг. Жишээ нь манай сургалтын 7 настай хүүхэд гэр, байгаль зурах дуртай байсан. Анхандаа гэрийнхээ хаалгыг дандаа хаалттай зурдаг байсан. Хоёр сарын хугацаанд хичээлээ хийгээд явсны эцэст дараа нь би гэрийн чинь хаалга нээлттэй байна уу, хаалттай байна уу гэж асуухад нээлттэй байгаа гэж надад хариулдаг болсон.