Маргаашийн ЖДҮ форумд оролцож буй илтгэгчдийн хэлэлцүүлгээс…
Ковидийн дараа үүсч буй шинэ эдийн засаг болон бизнесийн нөхцөл байдал, хэрэглэгчийн зан төлөвт бизнесүүд хэрхэн дасан зохицож шинэ боломжийг нээх агуулгын хүрээнд ярилцлаа.
Илтгэгчид:
- Зангиа Портал ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Түвшинтулга
- Аксиом Инк ХХК-ийн захирал, багш Б.Нандин-Эрдэнэ
- Best хөтөлбөрийн засаглал хариуцсан зохицуулагч П.Амармэнд
- НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал
- Интерактив БИАИ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ч.Чимэддорж
- Хөх Үүр Тур ХХК үүсгэн байгуулагч Г.Чойжамц
ЗӨВХӨН МӨНГӨ ОЛОХ ГЭЖ БИЗНЕС ХИЙХ БИШ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛТЭЙГӨӨ УЯЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Best хөтөлбөрийн засаглал хариуцсан зохицуулагч П.Амармэнд:
-Орон нутагт бизнес эрхэлж байгаа хүмүүст тулгарч байгаа гол асуудал нь юу байсан бэ? Түүнийг яаж даван туулах боломжтой талаар зөвлөгөө өгвөл?
-Орон нутагт дутагдаж байгаа зүйл бол мөнгө эсвэл санхүүжилт биш байсан. Гол нь шинэлэг мэдээлэл, шинэ арга барил хэрэгтэй юм билээ. Тэдгээр хүмүүс бизнесийн арга барил, менежментээ өөрчилчих юм бол тухайн талбар нь боломж бололцооны далай болж хувирч байгаа юм. Best хөтөлбөр үүнийг зохицуулах арга зам, гаргалгааг олохын тулд л ажиллаж байгаа.
Орон нутагт гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс дор хаяж долоон жил ажиллаж байж амьсгал авахтайгаа болж буй талаар ярьсан. Энэ нь стандарт хугацаа болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл долоон жил тогтвортой ажиллаж байж хямрал эрсдлийг ажрахгүй байдалд орж чадна гэсэн үг. Бизнесийг зөвхөн мөнгө олох гэж эхлүүлбэл удаан тогтнохгүй. Хүсэл мөрөөдөл, өөрийгөө илэрхийлэх байдалтай уялдуулж өгөх хэрэгтэй. Өнцөг чухал.