Парламентын сэтгүүлчид УИХ-ын тамгын газар, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газарт хэвлэн мэдээлэх эрх чөлөөгөөр хангаж ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээллийг үнэн бодит, түргэн шуурхай дамжуулах шаардлагыг хүргүүллээ.
Энэ талаар Зариг.мн сайтын сэтгүүлч Ш.Адъяамаа “Урьдын адил сэтгүүлчдийг хөл хорих шийдвэр үргэлжлээд явах мэдээлэлтэй байгаа учраас сэтгүүлчид иргэдийн нүд чих болох мэдэх эрхийг нь хангаж өмнөхийн адил мэдээллээ чөлөөтэй бэлтгэхийн тулд өнөөдөр шаардлага хүргүүллээ” гэлээ.
“Цаашдаа энэ хэвээрээ байх юм бол иргэдийн мэдэх эрх, хүний эрх, эрх чөлөө ардчилал ямар хэлбэр рүү явах вэ гэдэг нь өөрөө хаалттай болж байгаа юм. Тэгэхээр үүн дээр ямар нэгэн байдлаар дорвитой шийдвэр гаргаад бид нартай хамтарч ажиллах байх гэж найдаж байна” гэж News.mn сайтын ерөнхий редактор Ш.Оюунчимэг хэлэв.
Энэ асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Т.Ганзул “УИХ-ын даргын баталсан түр журмаар зохицуулалт хийгдээд явж байгаа. Хоёр жил энэ журмаар явж байсныг бид нар маш сайн ойлгож байгаа. Дараагийн журмыг хэрхэн батлах вэ? Ямар асуудал тусгах вэ? гэдэгт бид гурвын зүгээс ажлын хэсэг байгуулах санаачилга гаргасан. Та бүхний төлөөлөл ажлын хэсэгт ороод дуу хоолойгоо хүргэнэ гэж найдаж байна. УИХ-ын чуулган энэ долоо хоногт эхлэх гэж байгаа учраас бид аль болох та бүхний асуултын хариуг хурдан өгнө” гэж хэлсэн юм.
Харин УИХ-ын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар “Намрын чуулганы нээлтийн үйл ажиллагааг сурвалжилъя гээд 17 телевиз, 18 гэрэл зурагчин хүсэлт ирүүлсэн. Тэгэхээр нэг дор олон хүн цуглуулах зэрэг асуудал гарч байгаа учраас хоорондоо зохицож ажлаа саадгүй явуулъя. УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах журмын төсөл бэлэн болчихсон байгаа. Гэтэл нөхцөл байдал өөрөөр эргэсэн. 12 дугаар сарын 31 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үргэлжлэхээр болчихлоо. Журмынхаа төслийг түр хойшлуулчхаад байж байна. Тэгэхээр наана нь сэтгүүлчидтэй хамтарч төрийн ордонд яаж ажиллах, ковидийн нөхцөлд яах вэ гэдгээ аль аль талынхаа эрх ашгийг нь харгалзсан журамтай болъё” гэв.
“Засгийн газрын хэвлэлийн алба, УИХ, Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба адилхан сэтгүүлч нар байдаг учраас ямар ч байсан сэтгүүлч нарын шаардлагыг хүлээж аваад асуудлуудаа ярилцъя, түр журам дээрээ хамтаръя гэж байна. Ер нь бол жил орчмын хугацаанд парламент сурвалжилдаг сэтгүүлч нар төрийн албаны голын хаалганы дор нэг давхарт зөвхөн дарга дуудахаар урагшаагаа гарч асуултаа асуудаг, коридороор чөлөөтэй алхаад явах, асуухыг хүссэн асуултаа асуух зэргээр ард түмний мэдэх эрхийн төлөө явах боломжгүй болоод жил гаруй хугацаа өнгөрлөө. Нөхцөл байдал болохгүй байсан учраас өнөөдөр парламентын сэтгүүлч нар нэгдээд шаардлага хүргүүллээ” гэж ТВ5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат ярилаа.