УОК-оос өчигдрийн хурлаар гаргасан зарим шийдвэрийн талаар танилцуулсан.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан байна. Ялангуяа үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын ор нийлээд улсын хэмжээнд 27 мянга гаруй байдаг ч өнөөдөр 21700 оронд өвчтөн хүлээн авч ковидын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Орон нутгийн хэмжээнд нийт орны 46,9 хувийг, нийслэлд 50,3 хувийг нь ковидод зориулж дэлгэсэн. Үүнээс цааш ковидод зориулж ор дэлгэх боломжгүй.
Учир нь үндсэн тусламж үйлчилгээ авах шаардлагатай өвчтөнүүдээ авч чадахгүй байдалд хүрнэ. Эдгээр 21600 хүнээс 12 мянга гаруй нь биеийн байдал хөнгөн байгаа бол хүнд, хүндэвтэр, маш хүнд хүн нь 10 мянга гаруй нь байна гэсэн үг. Бусад улстай харьцуулахад манайх ор дэлгэсэн тоон үзүүлэлт маш өндөр хувьтай. Жишээ нь АНУ-д идэвхтэй тохиолдол 9800 байхад эмнэлэгт 83580 мянган ор, Францад 153 мянган хүн халдвартай байхад 8887 ор дэлгэн ажиллаж байна. Манай улсын халдварын идэвхтэй тохиолдол 88 мянга байхад 21600 ор дэлгэсэн. Энэ нь 24,4 хувь буюу хамгийн өндөр хувьтай байгаа нь юм. Тиймээс нас баралтыг бага түвшинд барьж чадаж байна.
Мөн дархлаажуулалт өндөр хувьтай буюу нийт хүн амын 65,4 хувийг вакцинжуулсан, нас баралт олон улсын дунджаас бага буюу 0,4 хувь байна. Манай улс идэвхтэй тохиолдолтой харьцуулсан нас баралтаар есдүгээрт бичигдэж байна. Эхнийх нь Сингапур улсад 83 мянган тохиолдлоос 73 хүн нас барсан буюу 0,1 хувьтай. Тиймээс цаашид бид ард иргэдийн хамтын ажиллагааны хүчээр халдварыг хумих, даван туулж чадна гэсэн бүрэн итгэлтэй байна.
Мөн бид эрэмбэлэн ангилалтыг нарийн зохицуулах тушаал гаргалаа. Өчигдөр гэхэд нэн хүнд маш эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэж чадахгүй 200 хүн байсныг харьяа эмнэлгүүддээ татан авсан. Нэн шаардлагатай өвчтөнүүдээ эмнэлэгтээ татан авах эрэмбэлсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Эхний ээлжинд архаг суурь өвчтэй, жирэмсэн, ахмад настай хүмүүсээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 288 мянган хүн III тундаа хамрагдаад байна. Энэ нь өдөрт дунджаар 13 мянган хүн вакцинд хамрагдаж байна гэсэн үзүүлэлт юм.