Олон улсын дохионы хэлний өдөрт зориулсан “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулья” тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Энэ үеэр Монголын Сонсголгүй иргэдийн холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар
“Өнөөдөр цугласан гол зорилго, бидний хүсээд байгаа зүйл бол дохионы хэл маань сонсголгүй хүний эх хэл юм. Үүнийг хуульчлаад батлаад өгөөч гэсэн хүсэлтийг Засгийн газарт өргөн барихаар зогсож байна. Удахгүй хуулиуд батална. Түүнээс өмнө сонсголгүй хүмүүс маань идэвхтэй байгаад оролцоод, дэмжээсэй гэсэн зорилгоор үүнийг хийж байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12.1 дээр дохионы бол сонсголгүй иргэдийн эх хэл мөн. Үүгээрээ нийгэмтэй харьцаж болдог гэсэн байгаа. Тэр хууль доторх баталсан журам нь бидэнд хүрсэн зүйл байхгүй. Бусад орнууд Дохионы хэлний хууль, журмаа баталсан байдаг. Үүнийг яагаад батлая гэж хүсээд байгаа вэ гэхээр энэ хууль батлагдвал систем, нийгэм нь хүртэл өөрчлөгдөөд бид энгийн иргэдтэй адилхан боловсрол авдаг, эрүүл мэнд, цагдаагийн байгууллагаар ижилхэн үйлчлүүлэх боломжтой болно. Хууль бүрэн батлагдаагүй, журам гараагүй учраас бид бүх зүйл дээр дутмаг араас нь яваад байгаа.
Сонсголгүй иргэдийн хувьд ажилд орох нийгмийн хүртээмж байдаг. Ганц асуудал нь сонсголгүй учраас илүү цагаар ажиллуулдаг, цалин бага өгдөг, хөдөлмөрийн хөлс доод хэмжээгээр өгдөг, урамшуулдаггүй учраас сонсголгүй хүмүүс ажил дээрээ идэвхгүй байсаар ажлаасаа гардаг. Бид энэ өдөр яагаад ажлын байрны тухай ярихгүй байна гэхээр хамгийн гол зүйл хууль нь батлагдах юм бол дагаад стандарт журам нь гараад бүх зүйл цаанаасаа болох учраас өнөөдөр хуулиа батлуулья гэдэг үүднээс ярьж байгаа юм.
Дохионы хэлний хууль батлагдаагүй учраас орчуулагч нарыг дэмжих хөтөлбөр, эрх зүй орчин байхгүй байгаа. Дохионы хэлний хууль батлагдах юм бол сонсголгүй иргэдийн хүртээмжийг сайжруулах үүднээс дохионы орчуулагч бэлтгэх сургалт, хөтөлбөрүүд их явж эхлэх байх. Одоо телевизүүдээр гарч байгаа дохионы хэлмэрч нэг буланд жижигхэн байдаг. Хараа муутай сонсголгүй хүн тэр орчуулагчийн дохиог харах боломжгүй. Харахгүй учраас телевиз үзэх сонирхолгүй болж байгаа. Тэгэхээр хүртээмж гэдэг асуудал маш чухал яригдаж байгаа. Өнөөдөр ирсэн телевизийн хүмүүстээ хэлэхэд хэлмэрчийн хэмжээг жаахан томруулж өгөөч ээ. Бид ч мэдээлэл авах эрхтэй. Мэдээлэл авахыг хүсдэг. Хэлмэрчийн хэмжээ том байх юм бол мэдээлэл авна, хүртээмжтэй байдал явагдаж эхэлнэ” гэв.