Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж албажууллаа.
Тодруулбал, Ховд гол дээр байгуулах 90 мВт-ийн хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэлж буй юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд гол дээр барих анхны судалгааг 1964 онд ОХУ-ын мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Бид 2018 оноос уг судалгаанд үндэслэж дахин тооцоог хийгээд ийнхүү баталж, эцсийн шийдвэрийг гаргасан. Уг төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэнэ. Бидний хийсэн тооцооллоор тухайн төслийн өртөг нийтдээ 288 сая ам.долларын төсөвтэй байсан.
Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендерийг зээлийн хэлэлцээрийн дагуу зээл олгогч талын энэ төрлийн туршлагатай компаниудын дунд явуулахад БНХАУ-ын төрийн өмчит компани шалгарсан. Тендерт шалгарсан компани 271 сая доллароор төсөвт өртгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан бөгөөд барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон” гэв.