Багын мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч гарын ур дүйгээрээ модны ур ашиглан аяга, таваг хийдэг И.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр ихэнх айлууд хуванцар сав хэрэглэдэг болсон. Үүнээс үүдэлтэй хүмүүс хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэж байгаа. Иймд хуванцар савыг халах зорилготой модоор урт удаан эдэлгээтэй, хүний биед сөрөг нөлөөгүй сав хийж буй тухайгаа бидэнд ярьсан юм.
Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу намайг И.Отгонбаяр гэдэг. Архангай аймгийн Булган суманд амьдардаг. Төрснөөсөө хойш гэхээр сумандаа 50 жил амьдарч байна. Одоогоор модоор бүтээгдэхүүн урлаж худалдаалдаг.
Хэзээнээс эхэлж модоор бүтээгдэхүүн хийж эхэлсэн бэ? Энэ нь ямар шалтгаантай вэ?
Би багаасаа л зураг зурах их сонирхолтой хүүхэд байсан. Гуравдугаар ангидаа загийн үндсээр амьтны дүрс сийлж эхэлсэн. Зургийн уралдаанд оролцож түрүүлнэ. Наймдугаар ангиа төгсөөд Дүрслэх урлагийн коллежид хуваарилагдсан ч суралцаагүй. Олон зүйл хийж явсны эцэст өөрийн чадвараа ашиглан гурван жилийн өмнөөс модны ураар бүтээл хийж байна.
Модны ураа өөрөө очиж түүж авдаг уу? Бүтээгдэхүүнээ хийхдээ ямар аргаар хийдэг вэ?
Уул руу гарч модны ураа олоод хэлбэр хэмжээг нь засаад загвараа бодоод дотор талыг нь ухдаг. Чанаж давирхайг нь гаргаад хатаагаад өнгөлдөг.
Тэгвэл модоор бүтээгдэхүүн хийхэд нэлээд хугацаа шаарддаг байх нь ээ?
Хийх хугацааны хувьд ямар бүтээгдэхүүн хийж байгаагаасаа хамаараад хугацааны хувьд өөр өөр байдаг. Энэ нь модны ур ямар хэлбэр дүрс, хэмжээтэй байхаас шалтгаалж бүтээгдэхүүний загвар хийцийн хугацаа тодорхой болдог. Дунджаар нэг бүтээгдэхүүн гаргахад чанаж, хатаах процессоос шалтгаалж сарын хугацаанд үргэлжилдэг.
Хуванцар савыг халах зорилготой гэж байсан цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
Хуванцар сав хүний эрүүл мэндэд хортой гэж боддог учраас модны ураар хийх боломжтой бүх бүтээгдэхүүнийг хийнэ гэж бодож байна. Хөдөөний айлууд бүгд цагаан идээний өндөр хэрэглээтэй. Иймд цагаан идээгээ хийх том сав хэрэгтэй ч хуванцар саванд хийдэг. Тэр нь эвдрэл гэмтэл ихтэй. Тэгэхээр цаашид 50-60 литрийн том хэмжээтэй сав үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэсэн савуудаа 21 аймгийнхаа өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчиддээ хүргэхээр зорин ажиллаж байна. Модон эдлэл хийхэд чухал шаардлагатай зүйл бол токарийн машин. Одоогоор надад хоёр төрлийн токарийн машин бий. 4X4-ийн хэмжээтэй ажлын байр бариад, токарийн машинуудаа байрлуулаад үйлдвэрлэлээ явуулж байсан. Саяхнаас байраа томсгож 12х5 болгосон. Одоогоор хоёр залууг сургаад явж байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, сумын төвийнхөө залуусыг сургаж, ажлын байраар хангах юмсан гэж боддог.
Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд танд юу хамгийн түрүүнд хэрэгтэй байна вэ?
Захиалга их байдаг. Хийж чадаж л байвал монголын өнцөг булан бүрээс холбогдож байна. Монголд яг цэвэр модоор тэр дундаа ураар сав, аяга хийдэг хүмүүс ховор юм билээ. Цаашид залуусыг сургаж, хувингийн үйлдвэр байгуулах, дэлгүүртэй болох мөрөөдөлтэй.