Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээтэй танилцлаа. Энэ үеэр олон нийтийн шүүмжлэл дагуулсан "Digital Nation-2021" үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмжиж байгаа. Тийм учраас ААН, хувийн хэвшлүүдээ дэмжиж оролцсон. Тэд томоохон хэмжээний дэвшлүүдээ иргэд, залуучуудад ойлгуулах гэсэн оролдлого байсныг буруутгаж огт болохгүй гэж бодож байна. Хамтарч ажилласан ААН-үүд алдаа гаргасан, олон хүн цуглахыг дутуу тооцсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гадаах арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн.
Цаашид ч гадаах арга хэмжээг дэмжин ажиллах Засгийн газрын бодлого үргэлжилнэ. Харин эрх чөлөөгөө хэтрүүлэхгүй байх тал дээр бүгд анхаарах хэрэгтэй байна.
Монгол Улсын эдийн засаг 1992 онд хасах баланс руу орсон. Энэ оны дөрөв, тавдугаар сард дахин нэг удаа хасах руу орлоо. Улсын төсөв 23 хувиар тасалдсан зэрэг амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Тийм учраас цаашид эдийн засгаа нээх бодлого барина" гэлээ.