Дауны синдромтой хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангасан Монголдоо анх удаа гэгдэх 130-р сургуулиас дараах мэдээг бэлдлээ. Энэхүү сургуулийн онцлог нь Монголдоо анх удаа Дауны синдромтой хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хүрээнд бага ангийн тусгай бүлгийг сургуульдаа гаргасан юм.
Энэ талаар 63-р сургуулийн харьяа 130-р сургуулийн дэргэдэх “Хөгжил” ангийн багш Э.Агиун “Дауны холбооны дэргэдэх “Хөгжил” гэдэг анги байгаа. Энэ анги маань 2015 онд “ЖАЙКА” олон улсын байгууллагын төслийн хүрээнд ердийн сургуулийн дэргэдэх тусгай бүлгийг нээж, энэ жил зургаа дахь жилдээ ердийн сургуулийн дэргэдэх тэгш хамрагдах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Манай сургуулийн онцлог бол ерөнхийдөө Дауны хам шинжтэй хүүхдүүд маань бусдад их нээлттэй байдаг. Дуулж бүжиглэх, спортод их сонирхолтой авьяастай байдаг. Үүн дээр үндэслээд ердийн хүүхдүүдтэй хамт хичээл ордог. Дуу хөгжим, биеийн тамир, зургийн хичээлүүд ордог. Харин хоцрогдоод байгаа танин мэдэхүйн чадвар буюу монгол хэл, математик бусад ганцаарчилсан хичээлүүдийг энэ ангидаа тусгай программаар хичээллэдэг онцлогтой” гэлээ.
Энэ анги өнгөрсөн таван жилийн хугацаанд 15 сурагчтай байжээ. 2021 оноос шинээр 6 настай Дауны хам шинжтэй хүүхдүүдийг авч нийт 30 сурагчтай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ерөнхийдөө хүүхдүүдийн онцлог нь хөгжилтэй байдал, тухайн багшаас ур чадвар шаарддаг учраас хөгжим дээр суурилсан хичээлийг голцуу явуулдаг байна. 63-р сургуулийн харьяа 130-р сургуулийн дэргэдэх “Хөгжил” ангийн багш Э.Агиун “Манай ангийнхан бүгдээрээ хамтлаг бүжгээр хичээллэдэг. Хамтлаг бүжгээр улсад хоёр, гурван удаа байр эзэлсэн байгаа. Гүйлтээр гэх мэт олон тамирчид бий. Сагсны тамирчид хүртэл байгаа. Ерөнхийдөө энэ хүүхдүүдийн онцлог нь тэр л дээ, эцэг эхчүүд бол хүүхдийнхээ сонирхсон, одоо байгаа чадварт нь тохирсон дугуйлан, секцэд явуулдаг” гэж хэлсэн юм.
Тус ангид суралцдаг сурагчтай ярилцахад “Намайг А.Нандинхүсэл гэдэг. Би найман настай байхдаа энэ ангид суралцаж байсан. Би дуу дуулах дуртай. Би дуучин хүн болно гэж мэдэрсэн. Ангийнхандаа би хайртай шүү гэж хэлье” гэв. Тэрбээр бүх хичээлдээ дуртай, хичээл орохыг маш их хүлээсэн гэдгээ ч хэллээ.
“Хамгийн бахархууштай нь бол өөрсдөө сэтгэлээсээ хандаж хүүхдүүддээ ямар нэг юм сургачих юмсан гээд ажиллаж байгаа. Энд арван хүүхэд байхад адилхан биш өөр арван хүүхэд байгаа. Нэг хүүхэд юунд сонирхолтой байна тэр тал руу нь аль болох чиглүүлээд , хүүхдүүдийн сонирхлын дагуу сургалт явуулж байгаа. Манай энэ хүүхдүүд 63-р сургуулийн харьяа, гэхдээ 130-р сургуулийн анги гэж хичээллэдэг. Заримдаа их хоёрддог. Багш нар нь заримдаа хүүхдүүдээ эрт аваарай 63-р сургууль дээр дуудагдлаа бид нар явлаа гэдэг. Тэгэхээр үүнийг энгийн сургуулийн дэргэдэх “тусгай анги” гэдгээр нь 130-р сургуульд нь шууд харьяа нэг болгоод өгчихвөл бид нарт их амар байна” байна гэж эцэг эхийн төлөөлөл хэлж байлаа.