Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ЕБС болон их дээд сургуулиуд хичээлийн хоцрогдлоо хэрхэн нөхөх, шинээр төрж буй залуу боловсон хүчнийг чанаржуулахын тулд юун дээр анхаарах ёстой талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцлаа.
-Хичээлийг цахимаар болон танхимаар хичээллүүлэх боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Хичээл танхимаар ороогүй хоёр жил боллоо. Гадаадын орнуудтай харьцуулахад ерөнхий боловсролоос эхлээд дээд боловсрол хүртэл бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвүүдийг хамгийн удаан хугацаанд хорьсон ганц улс нь Монгол. Тэгэхээр үүнийг коронавирустэй зэрэгцэн орших тактик гэж харж байна. Энэ тохиолдолд хүн амаа вакцинжуулах нь маш зөв.
-Ирэх сарын дундуур халдварын тоо өсөх талаар мэдээллүүд гараад эхэллээ. Дахиад хөл хорио тогтоовол үүсэх эрсдлийн талаар ярихгүй юу?
-Үүнээс илүү хөл хоривол их хэцүү. Маш том сөрөг нөлөө үзүүлнэ. Цар тахлын хувьд үнэхээр хэлж мэдэхгүй юм. 900 гаруй хүн эндлээ шүү дээ. Коронавирусийн олон төрлийн хувилбарууд бүртгэгдээд дэлхий даяар л хүнд байна. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийг зэрэгцүүлэн авч явахгүй бол болохгүй. Тэгэхээр дахиж хөл хорихгүй л байх.
ГУРВАН САРЫН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НЭГ ЖИЛ ШААРДЛАГАТАЙ
-Бараг гурван жилийн турш танхимаар хичээл ороогүй. Энэ удаа хослосон хэлбэрээр орох нь. Ийм нөхцөлд сурагч оюутнууд хичээлийн хоцрогдлоо нөхөх боломжтой юу?
-Мэдээж тодорхой хэмжээний зөрүү гарсан байгаа. Зарим нь үнэхээр бие даагаад сайжирсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэгэхээр сургалтын зөрүүг жигдэлж, мэдлэгийг нь сэргээн бататгах шаардлагатай хүүхдүүдэд сургалт зохион байгуулах хэрэгтэй. Судалгаа харж байхад ердөө гуравхан сар хичээл ороогүй байхад түүнийг нөхөхийн тулд нэг жил шаардлагатай гэсэн байдаг. Тиймээс үүн дээр анхаарч, цаашдаа сурагчдын сургалтын чанарыг жигдрүүлэх ёстой.
-Жигдрүүлэхийн тулд яамнаас сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Одоогоор хөтөлбөрт өөрчлөлт оруулаагүй байна. Яамнаас цөм хөтөлбөрийн агуулгыг товчлох, сэргээн бататгах чиглэл рүү явна гэх зүйл ярьж байсан ч энэ нь биелээгүй байна. Энэ ажлыг хийхдээ сурагч хүүхдүүдийг оношлохоос эхэлнэ. Үүнийг 9 дүгээр сарын 1-нээс тодорхой болно гэж харж байна.
-Хоцрогдол ярихаар нэгдүгээр ангийн хүүхдүүд их хохирч байх шиг. Уншиж сураагүй байж байгаад 3 дугаар ангид орчихлоо. Мөн сурах арга барил эзэмших хугацаа байсангүй. Энэ тал дээр?
-Би Төв аймгийн Батсүмбэр суманд нэг хүүхэдтэй уулзсан юм. Одоо гуравдугаар ангид орно. Уншиж чаддаггүй л гэж байсан. Учир нь онлайн сургалтын ихэнхэд нь суугаагүй. Энэ бол том эмгэнэл. Өөрийн чинь хэлж байгаа үнэн. Бага сургууль дээр маш их хоцрогдол үүсч байгаа. Учир нь бие даан суралцах арга барил эзэмших боломж олдоогүй юм. Тэгэхээр энэ асуудлыг маш хурдтайгаар нөхөж авах шаардлагатай.
-Яаж бага сургуулийн боловсролыг нөхвөл зохистой гэж үзэж байгаа вэ?
-Үүн дээр маш сайн туршлагууд нэвтрүүлэх хэрэгтэй. Хүүхдийг ягшмал байдлаар уншуулж сургаж байгаа арга зүйгээ болих хэрэгтэй. Багш аа л сайн бэлдмээр байгаа юм. Үеэр тасалж уншиж сургах чинь их хүндрэлтэй арга барил шүү дээ. Тиймээс эхний ээлжинд бүтнээр уншуулдаг арга зүй рүү шилжих зүйлийг яаралтай хэрэгжүүлэх нь үр дүнгээ өгнө гэж бодож байна.
БОЛОВСРОЛЫН ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ ҮГҮЙРЧ БАЙНА
-Саяхан ЭЕШ болоод өнгөрлөө. Энэ жилийн төгсөгчдийн сургалтын чанарын судалгаа харав уу?
-Жишээ нь нийгмийн ухааны хичээл дээр хүүхдүүд маш өндөр оноо авсан байгаа юм. Шалгалтын материал хөнгөдсөн байж болох юм. Үүнээс үзвэл савлалт их байна гэсэн үг. Тухайлбал өнгөрсөн жил өөр сэдвээр ирж байсан нь энэ жил өөрчлөгдсөн. Уг нь нэг л сэдвээ хамарч, жил жилийнхээ шалгалтын материалыг харьцуулах боломжтой байх ёстой. Хамгийн гол нь гүйцэтгэл маш доогуур байсан. Ялангуяа Математикийн гүйцэтгэл гараад ирсэн байсан шүү дээ. 10-15 хувийн гүйцэтгэл их байсан. Үлдсэн 85 хувийг нь сурагчид хийж чадаагүй. Гэтэл нөгөө талдаа өндөр оноотнууд нэмэгдсэн. Энэ нь боловсролын тэгш хүртээмжтэй байдал байхгүй болж байна гэсэн үг. Боловсролын яамнаас мэдээлснээр 178 мянган хүүхэд компьютер гар утас, интернет зурагтгүйгээс болж хичээлээ үзсэнгүй гэж байгаа. Тэгэхээр үүнээс савлалт үүсээд байгаа юм. Энэ бол сэтгэл эмзэглүүлэм тоо.
-Онлайнаар хичээл үзэх боломжгүй хүүхдүүд байсаар л байгаа шүү дээ. Гэтэл одоо мөн онлайнаар хичээл үзэх нь байна. Тэгэхээр энэ жилийн хослосон сургалт үр өгөөжтэй байж чадах уу? Тэдгээр хүүхдүүд хоцрогдлоо яаж нөхөх вэ?
-Ямар ч гэсэн танхимаар орж байгааг нэг алхам урагшилж буй ахиц гэж харж байна. Гэсэн ч онлайнаар үзэх боломжгүй хүүхдүүд байсаар байна. Үүнээс сургуулийн хүртээмж муу байгааг харж болно. Улаанбаатарт 1.5 сая хүн шавчихсан. Төрийн өмчит сургуулийн нэг ангид л гэхэд 60 гаруй хүүхэд сурч байна. Сургалт явуулах боломжгүй, хүртээмжгүй ийм байдал нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр багш нарын хуучинсаг арга барил арилахгүй байгаатай холбоотой. Сургах шинэ арга барилуудад, багш бэлдэж байгаа их дээд сургуулиуд маш хойрго хандаж байна. Багшлах мэргэжлийн хамгийн чухал зүйл нь дадлага байхад сүүлийн 2 жил оюутнууд дадлага хийж чадаагүй. Ийм хүмүүс ажлын байран дээр гарах нь байна шүү дээ. Би Шинэ Монгол сургуулийн захирал байхдаа Математикийн багшаар төгсөж байгаа хүүхдээс ЭЕШ-ын материалаар шалгалт авахад бодож чадахгүй байсан. Хэрэггүй баахан хичээл орж байдаг. Энэ байдалдаа яаралтай дүгнэлт хийх хэрэгтэй. Сурагчдынхаа бодлогыг бодож чадахгүй хүн багш болохоор хэнийг бэлдэх юм.
ТӨРИЙН ӨМЧИТ СУРГУУЛИЙН БОСГО ОНООГ НЭМЖ, ТӨЛБӨРИЙГ ХЯМДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Чанартай боловсон хүчнийг яаж бэлдэх вэ? Юун дээр анхаарах хэрэгтэй гэж үзэж байна?
– Их сургуулийн хөгжлийг гурван түвшинд хуваадаг. Сургалт, судалгаа, инноваци гэсэн. Уг нь бид инновацийн их дээд сургууль руу зорих ёстой. Гэтэл манайх сургалтаа ч сайн хийж чадахгүй байна. Миний харснаар төрийн өмчийн их дээд сургуулиуд төрийн өмчийн нэртэй боловч оюутныхаа төлбөрөөр оршиж байгаа. АШУҮИС-ийн багштай ярилцаж байхад, тухайн багш хичээл дээрээ 130 оюутан унагаасан юм байна. Чанартай боловсон хүчин бэлдэхийн тулд шүү дээ. Энэ нэлээн дээр үед болсон явдал шүү. Ингээд захиргаанаас нь тэр багшид 130 хүүхдийн төлбөрөө олж ирээрэй. Би яаж цалингаа тавих юм гэсэн гэж байгаа. Чанартай сургалт энэ мэтчилэн асуудал дээр ирээд бүдэрч байгаа юм. Тэгэхээр төр, Төрийн өмчит их дээд сургуулийг төлбөр дээр нь үнсэнд хаясан шалз шиг хаяж болохгүй. Өөрөөр хэлбэл оюутны төлбөр багш ажилтнуудын цалин руу биш судалгаа руу явах ёстой. Тэгж байж бид чанар шаардана.
Хоёрдугаарт, төрийн өмчит болон, хувийн их дээд сургуулийн ялгааг үүсгэх хэрэгтэй. Улсын сургууль дээр ЭЕШ-ийн босго оноог нь өндөр болговол зохино. Харин төлбөр нь хямд байж болно. Японд тийм шүү дээ. Гэхдээ элсэлтээ хувийн өмчийн сургуулиас хойшоо авдаг байх хэрэгтэй. Хувийн өмчийн их дээд сургуульд эхлээд оюутнаа элсүүлэх боломжийг нь олгож байгаа юм. Дараа нь төрийг өмчит их дээд сургуулиуд элсэлтээ зарладаг. Одоо нэг талбар дээр л энэ хоёрыг өрсөлдүүлээд байна. Мөн өнөөдөр их дээд сургуулиа улс төрийн санал авах машин болгоод хаячихсан. Оюутны зөвлөл нь бүгд улс төржчихсөн, цүнх баригчдын армийг бий болгож байна.
-Ингэхэд энэ жил цөөн тооны оюутнуудад төрийн сангийн зээл олгох юм билээ. Зээлтэй холбоотой маш олон асуудлууд ар араасаа гарсаар байдаг. Энэ тал дээр ямар бодолтой байна?
-Ер нь оюутны зээлийн асуудал маш хариуцлагагүй яваад байгаа шүү дээ. Мөн эргэн төлөлт муу. Маш шударга бус. Өөрөөр хэлбэл зээл авах шаардлага нөхцлүүд нууц , ил тод биш. Ийм ойлгомжгүй байгаа болохоор хүмүүс бухимдаад байгаа юм. Анхнаасаа суурь нь бурууд яваад байгаагийн шинж.
-Гадаадын боловсролын салбартай харьцуулахад манай улс ямар түвшинд байдаг вэ? Залуучууд гадаадад сурахыг чухалчилсаар л байна шүү дээ?
-Манай улсад орчин үеийн боловсрол бий болоод 108 жил боллоо. Монгол хэлээр шинжлэх ухааны ямар ч төвөгтэй зүйлийг зааж байна. Энэ бол үнэлэхүйц амжилт. Гагцхүү өнөөдөр яагаад залуучууд дотооддоо биш гадаадад сурахыг илүүд үзээд байгааг анхаарах хэрэгтэй. Сургалтаа сайжруулахын тулд хоёр зүйлийг анхаарч эхлэх ёстой гэж бодож байна. Эхнийх нь ЭЕШ. Энэ бол 12 жилийн боловсролыг дүгнэж байгаа хэсэг. Нөгөө нь дээр ярьсан их дээд сургууль дээр хийх шинэчлэл. Ингэж байж бид чанар ярьж эхлэнэ. ЕБС-ийн хувьд ахлах сургуулиас шинэчлэлийг эхлэх боломжтой гэж харж байна.
Өнөөдөр бүх сурагч их дээд сургуулийг зорих нь мөн өрөөсгөл. Тухайлбал нягтлан бодох бүртгэлийг дээд түвшинд биш, яг өдөр тутмын ажлын түвшинд хийдэг ийм хүнийг арван жилд нь бэлдэж болно шүү дээ.
-Хүүхдүүд их дээд сургуульд сурахгүй л бол болохгүй байгаа юм биш үү? Худалдагч хийхэд дээд сургуулийн диплом шаардаж байна. Мөн дээд боловсролгүй бол муу нэртэй болчих гээд байдаг хандлага ажиглагдаад байх шиг?
-Тийм биш шүү дээ. Одоо хаана сайн нэртэй байгаа юм. Оюутнууд муу нэртэй л байгаа биз дээ. Гарч ирэхдээ ажлын байран дээрээ гологдож байдаг. ААН-үүд шинэ боловсон хүчнээ голдог. Их дээд сургууль нь ЕБС-ийг муулаад байдаг. ЕБС дотроо ахлах нь дундаа, дунд нь багаа муулна. Багын багш нь эцэг эхээ муулна. Эцэг эх нь эргүүлээд сургуулиа муулдаг ийм хачин тойрогт бид орчхоод байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Оюутнуудад хандаж хэлэхэд, нийгмийн амьдралд бие даан оролцох өөрийгөө л бэлдэх хэрэгтэй. Мөн чаддаг зүйлтэй болоод төгсөөрэй. Сурч байгаа чиглэлээ судалж, чаддаг зүйлээ ойлгож түүнийгээ маш сайн сурах хэрэгтэй шүү дээ. Үгүй бол дээд боловсрол эзэмшээд ч хэрэг байхгүй. Мөн дадлагаа маш сайн хий. Ингээд гадаад хэл сайн сурч, тухайн салбарынхаа ном, сэтгүүлийг их унш ингэж байж чадвартай боловсон хүчин болно.
Мөн нийт сурагч оюутнууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Сургууль гэдэг мэдлэг авахаас гадна хүн болж төлөвшөөд гардаг газар шүү гэж хэлмээр байна.