БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд болох Азийн 19 дүгээр наадамд манай улсын тамирчид оролцуулах урилгыг ирүүлжээ.
1951 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Азийн наадам нь Азийн олимпын зөвлөлийн ивээл дор явагддаг бөгөөд “Ханжоу-2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооноос наадамд оролцох албан ёсны урилгыг, наадмын маскотын хамт МҮОХ-нд ирүүлсэн байна.
Ингэснээр Монголын баг тамирчид тус наадамд оролцох эрх албан ёсоор үүсэж буй юм.
БНХАУ-ын баруун хойд зүгт орших 10 сая хүн амтай тус хот 2015 онд Азийн наадам зохион байгуулах эрхээ авсан ба энэ удаагийн наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орон оролцох аж.
Тамирчид 40 спортын төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд электрон спорт, бүжгийн спорт (break dance) наадмын хөтөлбөрт анх удаа багтжээ.
Монголын баг тамирчдын хувьд, 1974 оны Азийн наадамд анх оролцож байв. Хамгийн сүүлд 2018 оны Азийн наадамд монголчууд 31 спортоор 269 тамирчны бүрэлдэхүүнтэй орж, 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медаль хүртэж байв. Улмаар багийн дүнгээр 17-р байрт жагссан тухай Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.