2021 оны 8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны “Коломбын төлөвлөгөө” байгууллагын Зөвлөлдөх хорооны 47 дугаар уулзалт цахимаар болж өндөрлөв.
Энэхүү уулзалтын үеэр Бүгд Найрамдах Чили Улсыг “Коломбын төлөвлөгөө” байгууллагын гишүүнээр элсүүлж, тус байгууллагын 2018, 2019 оны санхүүгийн тайлан, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр, чадавх бэхжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөр, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин уг уулзалтад оролцож, хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахлын үед тулгарч буй сорилтыг даван туулах, цар тахлын нөлөөллийг багасгах чиглэлээр хамтран ажиллах хүрээнд гишүүн орнууд туршлагаа солилцохын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улс “Коломбын төлөвлөгөө” байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийлж, 2021 оны 3 дугаар улиралд болох тус байгууллагын 2022-2026 оны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлж байгааг албан ёсоор зарлав.
Энэ онд 70 жилийн ой нь тохиож буй “Коломбын төлөвлөгөө” байгууллагад эдүгээ Австрали, АНУ, Афганистан, Балба, Бангладеш, Бруней, Бутан, Вьетнам, Индонез, Иран, Лаос, Малайз, Мальдив, Монгол, Мьянмар, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Саудын Араб, Сингапур, БНСУ, Тайланд, Фижи, Филиппин, Чили, Шинэ Зеланд, Шри Ланка, Энэтхэг зэрэг 28 улс гишүүнээр элссэн.
Монгол Улс 2004 онд “Коломбын төлөвлөгөө” байгууллагын гишүүнээр нэгдэж, энэ оноос эхлэн тус байгууллагын Захиргаа, санхүүгийн асуудал хариуцсан байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.