Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээллийн цагаар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам хэрхэн оролцох асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол өнөөдөр эрх зүйт төртэй хуультай улс юм бол төрийн сонгууль нэг л зарчмаар явах ёстой. Тэр утгаараа АН нэр дэвшүүлэлтийг хийн гэдгийг хэлье. Албан ёсны шийдвэр гарсны дараа бид дараагийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой ажлууд руу орно. Ардчилсан нам улсын аудитын байгууллага руу дүгнэлт гаргуулахаар материал хүргүүлээд хоёр тайлан хүлээж авсан. Нэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт, нөгөөх нь санхүүгийн тайланд хийсэн дүгнэлт юм. Үүнд дээр бусад баримт бичгийг бүрдүүлээд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхэд шаардлага хангасан байна хэмээн үзэж хүлээж авсан. Удахгүй хуульд заасан хугацаанд шийдвэрээ гаргах байх.
Төрийн аудитын байгууллага нэг хариуцлагагүй үйлдэл хийсэн. Манайд ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг нэг хувийг нь өөр тийш нь явуулсан. Энэ асуудалд Улсын ерөнхий аудитор тайлбар хийх нь зөв. Нэг албан бичиг, дугаартай нэг дүгнэлтийг хоёр өөр тийш нь явуулсан хариуцлагагүй үйлдэлдээ аудитын байгууллага тайлбар хийх ёстой.
Хэрвээ аудитын байгууллага тайлбар хийхгүй бол УИХ энэ асуудлыг авч үзэх хэрэгтэй" гэлээ.
АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн "Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль зохион байгуулах ажлын хэсэг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж ажилдаа орсон.
Нэгдүгээрт, эрх баригчид цадигаа алдлаа, сонсохоо байлаа, олон зүйл дээр алдаа гаргаж байна. Тиймээс эрх баригчдад дуу хоолойгоо хүргэх, хяналт тавих сөрөг хүчин нэгдэх ёстой. Энэ зорилгоор АН-ын хуваагдсан хэсгүүд тэр бүү хэл УИХ-д суудалгүй улс төрийн намууд нэгдэж нийлж орвол үр дүнтэй болно гэж үзэж байгаа. Тиймээс нэгдэж нийлж орьё гэдэг зорилгоор уулзалтууд зохион байгуулахаар ярьж байна. Бусад нам дотор байгаа бүлэг, хэсгүүд хамтран сууж ярья, нэгдэн нийлж нөхөн сонгуульд орьё гэж уриалж байна.
Хоёрдугаарт, гишүүд нэгдэж нийлж явахыг шаардаж байгаа. Ийм хоёр үндсэн зорилгоор эхний ээлжинд нэр дэвшигчийн нэр ярихаасаа илүүтэй яаж нөхөн сонгуульд орох вэ гэдгээ шийдэж ярилцах хугацаа эхэлж байгаа” гэлээ.