Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар түрээсийн орон сууц болон Хангай хотхонд орон сууц түрээслэн амьдарч буй иргэдийн тавьсан асуудлаар талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Үе үеийн Засгийн газар ард түмнээ орон сууцжуулах бодлого явуулсан. 2008 оноос орон сууц баригдаж ипотекийн хөтөлбөр гарч ирснээр 100 гаруй мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан байгаа. Ипотекийн зээл авахын тулд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. 30 хувиа төлнө. Заавал нийгмийн даатгал төлсөн байх ёстой гээд. Гэтэл өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй олон мянган хүмүүс байгаа. Өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй. Төрд ажиллаад 30 хувиа бүрдүүлж чадахгүй олон мянган иргэн байгаа. Засгийн газраас зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой нөгөө арга хэмжээ нь төрийн орон сууцны хөтөлбөр юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хөдөө орон нутаг, Улаанбаатар нийлээд 3000 гаруй түрээсийн орон сууцны сан Монгол Улсад байгаа. Түүнээс 2000 гаруй нь Улаанбаатар хотод Буянт-Ухаа 1, 2, Хангай хотхон.
Хангай хотхоны иргэдэд гурван асуудлын тавьсан байгаа юм. Энэ иргэд 240-400 мянган төгрөгөөр энэ байрыг түрээсэлж байгаа. 2017 онд түрээслэх журам гарч байсан бол бид түрээсэлж байгаад өмчлөх боломжийг гаргасан. Түрээсийг өмчлөх журамдаа хоёр боломж олгосон.
- Нэг дэх сонголт, та түрээсээ гадна урьдчилгаа илүү жоохон мөнгө төлж байгаад 30 хувьд хүрээд дараа нь ипотекийн зээлд хамрагдаж болно.
- Хоёр дахь нь, та түрээснээсээ илүү тодорхой хэмжээний мөнгө төлж байгаад тэр байрыг өмчилж болно гэсэн сонголтууд өгсөн.
Иргэд Хангай хотхонтой холбоотойгоор метр кв-ийн зөрүүний асуудал тавьж байгаа. 2016 оны тавдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд Г.Баянсэлэнгэд даалган 15 тэрбум төгрөгөөр орон сууц худалдаж авах тогтоолыг баталсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Бэрэн компанийн барьсан Хангай хотхоноос 7974 метр кв талбайг хувааж авсан. Тухайн үедээ төрийн албан хаагчид, байгууллагууд, иргэдтэй гэрээ байгуулахдаа гэрээний хавсралт болох мэдэгдэл гэсэн хэсэгт нэг метр кв нь нэг сая 280 мянга байхаар өгсөн байдаг. Энэ бүх асуудлуудаас болж хууль хяналтын байгууллагууд тодорхой албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Энэ асуудлаар би өчигдөр түрээслэгч нартай уулзсан.
Иргэдийн хүсэж буй нэг асуудал бол “Бид таван жил энэ байрыг түрээсэллээ. Төлсөн түрээсийн мөнгөө тухайн байрыг өмчилж авах урьдчилгаанд тооцуулмаар байна” гэж байна. Энэ бол боломжгүй. Өнөөдөр энэ асуудлаас болж төрийн өмчит корпорацын санхүүгийн алба нэлээн хүндрэлтэй болж байна. Хөгжлийн банканд олон зээлтэй болсон байна. Энэ санхүүгийн асуудлыг шийдэхгүй бол тухайн иргэд таван жил, арван таван жил болгож сунгана гэдэг нь улсын төсөвт мөнгө суухгүйгээр хийгдлээ гэхэд улс дахиад 101 тэрбум төгрөгийн хохиролд орно” гэлээ.