Хороо, сум, баг бүрт ажилладаг нийгмийн ажилтан хүн ямар үүрэгтэй ажилладаг тухай уншигч та хэр сайн мэдэх вэ? Ялангуяа цар тахлын аюул нөмөрсөн энэ амаргүй цаг үед төрийн халамжийн, хамгааллын үйлчилгээг орон нутгийн нэгжийн хэрэгцээт иргэн бүрт, өрх бүрт тэгш хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн ажилтнууд бол хороо, сум, багийн нийгмийн ажилтнууд. Нийгмийн ажилтан хүний ажил мэргэжлийн онцлог, цар тахлын үед хэрхэн ажиллаж байгаа талаар СХД-ийн гуравдугаар хорооны нийгмийн ажилтан Ц.Гэрэлмаатай ярилцлаа.
-Танай хороо дүүргийнхээ бусад хороог бодвол юугаараа онцлог вэ?
-Манайх СХД дотроо хамгийн том хороо гэж явдаг. Нийт 9474 хүн амтай. Тэдний 3043 нь 0-18 насныхан байдаг. Мөн 100 хувь гэр хороолол байдаг нь арай онцлог болов уу.
-Хамгийн сүүлийн байдлаар хороон дээр таны ажил мэргэжилтэй холбоотой ямар ямар ажлууд хийгдсэн бэ?
-Манай СХД-ийн бүх нийгмийн ажилтнууд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс санаачлан, ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлсэн нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах төсөлд хамрагдсан. Иргэдтэй өдөр тутамдаа тулж харилцдаг, амьдрал ахуй, байгаа байдлыг нь мэдэж, анзаарч, судалж, нөхцөл байдлын үнэлгээ хийж шаардлагатай иргэдийг төрийн халамжийн, хамгааллын үйлчилгээнд хамруулах ажлыг нийгмийн ажилтнууд болон хорооны хамтарсан багийн бүтэц хийдэг. Япон улсын засгийн газрын хөрөнгө оруулалтай уг төслийн хүрээнд бидний ажлын ачааллыг хөнгөвчилж илүү шуурхай болгох зорилгоор процессыг цахимжуулж, илүү чадавхижуулах зорилготой онлайн сургалтууд зохион байгуулсан, бүгдэнд нь хамрагдсан. Иргэдтэй хэрхэн ажиллах арга барил, техникээс гадна ажлын байрны стрессийг хэрхэн даван туулах гэх мэт нийгмийн ажилтан бидэнд чиглэсэн сургалтууд орсон нь их өгөөжтэй санагдсан. Бас саяхан тус төслөөс нийгмийн ажлын инновацийн уралдаан зарлагдаж бид хорооны хамтарсан багаараа материалаа өгч тэнцээд “Аминчлахуй” нэртэй бичил төслөө хэрэгжүүлж эхлүүлээд явж байна. Өөрсдийн санаачилсан төсөлдөө санхүүжилт аваад хэрэгжүүлээд явахад их сайхан байна.
-Олон ажлууд хийгджээ. Нийгмийн ажилтны ажлыг цахимжуулна гэдэг их сонирхолтой сонсогдож байна. Яаж цахимжуулж байгаа гэсэн үг вэ?
-Төслийн хүрээнд зөвхөн нийгмийн ажилтнууд бидний хэрэгцээнд зориулсан мэдээллийн сан үүсгэх боломжтой цоо шинэ систем бүтээсэн. Нийгмийн ажилтны систем гэж нэртэй. Энэ систем рүү вэб хуудсаар, гар утсаар, эсвэл таблетаар, ер нь ямар ч төхөөрөмжөөс нэвтэрч орох боломжтой бөгөөд хорооны иргэдийн шинэчлэгдсэн цахим мэдээллийн сан үүсгэж байна гэсэн үг.
Мөн нийгмийн ажилтан бүрт таблет, хурууны хээ уншигч машин олгосон байгаа. Үйлчилгээ авах иргэний хурууны хээг нь уншуулж таниулаад өмнө нь ямар ямар үйлчилгээ авч байсан гэх мэт мэдээллийг хараад шууд үргэлжлүүлэн шаардлагатай үйлчилгээг хүргэх юм. Өмнө нь бидний ажил хэт цаасанд суурилсан байсан. Кэйс бүр дээр, үйлчилгээ авсан иргэн, өрх бүрт тусад нь хавтас нээж, урт процесстой тохиолдолд хэд хэдэн хавтас ч нээх хэрэг гардаг байлаа. Бүх асуулгууд цаасан дээр, тэр олон асуулгыг нэг бүрчлэн бичүүлж авдаг байв. Харин цахим шийдэл бий болсноор цаасан хэрэглээг халсан. Хүн цаасан дээр яаж ч бөглөж болно. Төвөгшөөгөөд буруу зөрүү ч бөглөх, анзаарахгүйгээр дутуу бөглөх ч тохиолдол гарна. Одоо бол чөлөөтэй ярилцаад, тэр хоорондоо ажиглалт хийж, таблетдаа мэдээллээ оруулаад явах боломж бүрдэж байна.
-Таныг таблетаа бариад ороход иргэд хэрхэн хүлээн авдаг бол?
-“Тантай ярих явцад хийгдэж буй эрсдэлийн үнэлгээ программд орж байгаа шүү” гээд тайлбарлаад явахаар иргэд их сонирхдог. Жишээ нь, та урд нь гэр бүлийн хүчирхийлэл ч юм уу ямар нэг таагүй байдлаар нийгмийн ажилтнаас үйлчилгээ авч байсан, хандаж байсан уу? гэж бид асуудаг. Тэгэхэд иргэд ихэвчлэн “Мэдэхгүй” гэж хариулдаг. Одоо бол энэ шинэ систем нэвтэрснээр бид мэдээллийн сан бүрдүүлж, иргэдийн зарим тохиолдолд ямар үйлчилгээ авсанаа ч мэдэхгүй байх асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Тухайн иргэн маань ямар асуудлаар өмнө нь хандаж байсан, хэрхэн шийдвэрлэгдсэн, тэр нь үр дүнтэй байсан эсэх гээд нийгмийн ажилтан өөрт шаардлагатай мэдээллээ хялбар авч, хамтарсан баг юун дээр ажиллавал илүү үр дүнтэй байх вэ гэдгээ мэддэг боллоо.
-Өдөр тутмын ажилд нь ямар өөрчлөлт орж байна вэ?
–Цаасны хэрэглээ багасч, бүртгэлийн цаг хугацаа хэмнэгдэхээс гадна удирдлагын зүгээс ч мөн яг одоо ямар иргэн ямар тусламж үйлчилгээ авч байгаа, ямар төрлийн асуудал дээр шийдвэр хэр хугацаанд гарч байгааг тухай бүрт нь мэдээд хамтарч ажиллахад шуурхай болж байна.
Нийгмийн ажилтан ч гэсэн хүн учраас ажлын ачааллаас болоод товлосон уулзалтаа мартах гэх мэт асуудлууд гардаг. Цахимжаад ирэхээр системийн хүрээнд бидний товлолт уулзалт зэргийг мэдээлж байдаг. Хорооныхоо тэр иргэнтэй уулзана, тэгэхдээ ийм анкет бөглүүлнэ, тэрийгээ хэвлээд тавина, очиж авна гээд самгардах зүйл олон гардаг байсан. Жишээ нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирэхэд бөглүүлэх маягтаа шалгах, хэвлэх, бүртгэх гээд санаа, сэтгэл маань тухайн айл руу яарч байвч цаастайгаа зууралдаж цаг алдах явдал байдаг байсан. Харин одоо бол таблетаа шүүрч аваад л гардаг болсон доо.
-Бичил төслийнхөө талаар ярьж өгөөч. Ямар зорилтот бүлгийнхэнийг хамруулсан бэ?
-“Аминчлахуй” нэртэй төслийн маань зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурал гээд олон асуудалтай нүүр тулж буй хорооны оршин суугчиддаа илүү сайн хүрч ажиллах, тэдэнд итгэл олгох явдал юм. Ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй дуудлагын 50 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг учир архины хамааралтай гэж үзсэн 16 өрхийг сонгон авч хамтран ажилласан.
Бичил төслийн хүрээнд иргэд илэн далангуй чөлөөтэй ярилцах боломж бүрдүүлсэн тусгай өрөө байр тохижуулж, эцэг эх нь ярилцлага өгч байхад бага насны хүүхдүүдийг саатуулах булан зэрэг зүйлс бэлдсэн.
Бэлдсэн байрандаа бүлгийн уулзалтууд зохион байгуулж, хуулийн хүрээн дэх зүйл, заалтуудаар айлган сүрдүүлэх биш тэднийг чин сэтгэлээ сонсож, ойлгуулахыг зорьсон. Зорьсон үр дүндээ эхнээс нь хүрээд явж байна. Өмнө нь бид гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгдөг байсан бол одоо “Яагаад ийм зүйл хийх болов?” гэдэг өнцөгөөс гэр бүлтэй нь, асуудлын эх үндэстэй нь тулж ажиллаж эхэлсэнээр эерэг үр дүн гарч байна.
Иргэд бидэнд хандахдаа эхэндээ айдастай, түгшүүртэй, нуугдмал байсан. Харин бид таныг сонсож байна, анхаарлаа хандуулж байна, таныг сонсохын тулд, сэтгэлээ хуваалцахад тань шаардлагатай гэж үзсэн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна гэдгээ сайтар ойлгуулаад ирэхээр хүмүүс илүү нээлттэй болж, нууж хаалгүй асуудлаа ярьж, хэлэлцэж, зөвлөлдөж эхэлсэн. Ингэж итгэлцэл үүсч, чөлөөтэй ярилцахад орчин нөхцөл чухал байдгийг бас ойлгосон.
-Нийгмийн ажилтан гэж яг юу хийж, шийдвэрлэх үүрэгтэй хүн бэ?
-Чиглүүлэх үүрэгтэй ажилтан. Тухайн иргэнтэй холбоотой нийгмийн асуудалд хуулийн дагуу эрсдэлийн үнэлгээ хийнэ. Улмаар дараагийн шатанд ямар арга хэмжээ авах, ямар хүнд хандах гээд, өөрөөр хэлбэл шийдэлд хүрэх замыг нь тодорхойлно гэсэн үг. Ингээд хамтарсан багтайгаа, иргэн, өрхтэйгөө хамт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Мэдээж энэ ажилд цаг зарцуулах шаардлага маш их. Илүү цагаар ажиллах энүүхэнд.
-Хамтарсан багаа танилцуулна уу. Ямар шалгуураар багийн нэг хэсэг болдог вэ?
-Тухайн орон нутгийн дүүрэг, хороо, баг болгонд хамтарсан баг байдаг бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулинд тусгасан үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Хамтарсан багийг хорооны эсвэл сумын засаг дарга удирдах бөгөөд нийгмийн ажилтан, цагдаа, эмч, сургуулийн боловсролын нийгмийн ажилтан гэсэн үндсэн бүтэцтэй. Бүх чиглэлийн нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөл нэгдсэн байдаг болохоор иргэнд ямар нэг асуудал тулгарахад бүх талаас нь үнэлгээ дүгнэлт хийж, цаг алдалгүй цогц үйлчилгээ үзүүлэх зорилготой бүтэц гэж ойлгож болно. Тиймээс багийн гишүүдийн ажлын уялдаа холбоо, харилцан ойлголцол, мэдээллийн урсгал маш зөв, шуурхай явах нь хамгийн чухал байдаг. Кэйс бүр дээр эрсдэлийн үнэлгээ хийгдэх бөгөөд түүнд суурилан ямар арга хэмжээ авах тухайгаа багаараа зөвшилцдөг.
-Цар тахлын нөлөөгөөр хорооны нийгмийн ажил улам ихэссээр байгаа юм байна. Та өөрийнхөө нийгмийн шаардлагаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Нийгмийн ажилтан бид нялхасаас эхлээд настанууд гээд нийгмийн үйлчилгээ шаардлагатай бүхий л хүмүүстэй харьцдаг. Хамтарсан багийн хяналтад байж, үйлчилгээ авдаг иргэдтэйгээ байнга холбоотой байна. Ядаж л утсаар яриад дууны өнгө аясаар нь нөхцөл байдал ямар байгааг гадарлана. Амар ажил бол биш. Ковидын үед бол халдвар хамгааллын дэглэмээ бариад зайлшгүй гэсэн айлуудаараа ороод ажиглаад явж байна. Ажлын ачааллаас болж ар гэрээ түр орхигдуулах тохиолдол бий. Гэхдээ хийнэ гээд сонгосон ажил маань учраас нэг ч гэсэн хүүхдийг аюулгүй байлгая, нэг ч гэсэн асуудлыг нааштай шийдэе гээд явдаг даа. Түүнээс биш маргалдсан гэр бүл дээр анх удаа очоод “Бүтэхгүй юм байна” гэхгүй. “Хүүхдээ зодсон юм уу? Тэгвэл 108 дууд” гэхгүй шүү дээ.
-Тэгэхээр иргэд ч бас нийгмийн ажилтнуудын зовлон, жаргалыг ойлгож аль болох хамгийн сайнаараа хамтран ажиллах ёстой гэж бодогдлоо. Энэ тал дээр таны бодол.
-Асуудал бүхий л салбарт бий. Бидний хувьд бол төслийнхөө хүрээнд хамтдаа чадавхжиж, хамтдаа хөгжинө гэдэг утгаараа нийгмийн ажилтнууд хоорондоо ярилцаж, тулгамдаж байгаа асуудлынхаа талаар санал солилцдог. Туршлагаасаа шинэ нийгмийн ажилтнуудтайгаа хуваалцана. Энэ нь ч тэдэнд дадлага болдог. Хариуцсан кейсүүдээ ч харилцан ярилцаж шийдэл хайхыг эрмэлздэг. Бидний шийдвэрлэж чадахгүй ч тохиолдлууд байна. Тэгвэл хаана хандах вэ? Яах вэ? гээд ярилцана. Хамтарсан багийн үүрэг, оролцоо маш тодорхой байхад үйл явц ч мөн тодорхой байна.
-Та яагаад нийгмийн ажилтан болсон юм бэ. Таны мэргэжлийн хамгийн сайхан болоод муухай зүйл юу байдаг вэ?
-Нийгмийн ажил гэдэг бол маш гоё зүйл. Эх орон, ирээдүй хойч үедээ томоохон хувь нэмэр оруулж байгаа хүн гэж өөрийгөө боддог. Нэг хүүхдийг аюулгүй байлгаж, нэг хүнийг ажлын байранд зуучлахад нэмэр болоод гэр бүлийнх нь орлогод нэмэр боллоо гэж бодоход сэтгэл өег байдаг. Хороонд хүнд, хэцүү нөхцөлд байсан нэг хүүхэд айдасгүй, аюулгүй болоод инээгээж тааралдахад маш их баяр, баясгалан мэдэрдэг. Хүнд үеийг би хүнд гэж хүлээж авдаггүй. Шантрах үе бий. Гэхдээ хүнд байлаа гээд асуудлын ард гарсан хүүхэд, эмэгтэйчүүд, өрхүүдийг хараад зорилго маань биеллээ гэж боддог. Шантарч ухармаар зүйл бишгүй тохиолдоно. Гэхдээ үр дүн эерэг зүйлийн төлөө байдаг болохоор цуцахыг хүсдэггүй.
Ярилцсанд баярлалаа.