Манай улс хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа. ХСҮТ-өөс 2020 онд хийсэн судалгаагаар 6702 иргэн хорт хавдраар өвчилсөн бол 4321 иргэн хорт хавдрын улмаас амь насаа алджээ. 6702 иргэний 32 хувь нь элэгний хорт хавдар 17 хувь нь ходоодны хорт хавдар байгаа юм. Бид Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүгээс, яагаад манай улс дэлхийд хорт хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлээд байгаа, хагалгаа хийлгэсэн иргэдэд ямар эмчилгээ хийж, хэрхэн анхаарал тавьдаг талаар тодрууллаа.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү
Улаан хоолой, ходоод, элэгний хорт хавдар болон нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байна. Хорт хавдрыг эрт шатанд оношилж, мэс заслын цогц эмчилгээ авч чадвал 100 хувь эмчлэгдэнэ гэж үзэж болох юм. Оношлогдож байгаа өвчтөнүүдийн 73 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа. Хавдраар оношлогдсон эмчилгээнд орж байгаа нийт хүмүүсийн 65 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна. Мөн хорт хавдраар анх оношлогдсон нийт иргэдийн 39 хувь нь л таваас дээш жил амьдарч байна. 39 хувь гэдэг бол маш бага тоо. Элэг шилжүүлэн суулгах хагалгааны хувьд жилээс жилд хагалгааны тоо ихсэж байна. Одоогоор 36 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгээд байна.
-Яг адилхан өвдөөд гадаадад эмчлүүлсэн, Монголд эмчлүүлсэн хүмүүсийн хувьд ялгаатай байна. Монголд эмчлүүлсэн хүн жил хүрэхгүй хугацаанд нас бараад байна. Гэтэл гадаадад эмчлүүлсэн нь эрүүл болоод байна шүү дээ. Хүмүүс эмчилгээгүй хаядаг, хагалгаанд орсны дараа хавдрыг нь авсан, боллоо гээд хаячхаад байна гэдэг. Энэ тал дээр тайлбарлахгүй юу? Араас нь яаж өвчтөнөө анхаарч ямар эмчилгээ хийдэг вэ?
Иймэрхүү яриа байдаг. Ийм зүйл ч ажиглагддаг. Гадаадад хичнээн хүн эмчилгээнд ороод нэг эсвэл таван жилээс дээш амьдарч байна. Өнөөдөр Монголд хавдраар ямар эмчилгээ хийлгэсэн гэдэг судалгаа алга. Энэ жил ЭМЯ-ны Хавдрын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд амьдрах чадварын судалгааг АШУҮИС-тай хамтарч хийхээр оруулсан байгаа. Энэ судалгаа үүнийг л гаргаж ирнэ. Үнэхээр тав болон нэгээс дээш жил амьдарч байгаа хүмүүс ямар хавдраар өвдсөн бэ гээд хавдраараа ангилагдана. Түүнчлэн хугацаа болон ямар төрлийн эмчилгээ хийсэн бэ гэдгээрээ ангилагдана. Өөрөөр хэлбэл харьцуулалт хийсний үндсэн дээр үнэхээр ийм ялгаа бий шүү гэдгийг нь гаргаад ирэх бололцоотой юм. Тиймээс энэ судалгаа хийгдэх гэж байгаа.
ХСҮТ дээр бид хяналтын тогтолцоог сайжруулах удирдамжаа нэг стандартаар хянадаг болох ёстой. Хянуулах гэж байгаа хүн нь эмчээ хайгаад явдаг биш. Нөгөө эмч нь ч гэсэн ирэх өдрийг нь хэлээд орхидог биш. Гурван сарын дараа ирээрэй гээд л орхих тохиолдлууд их байна. Тиймээс нэгдсэн системээр нь өөрчилж, өвчтөнд шаардлагатай байгаа эмчилгээг цаг алдалгүй хийгээд явах учиртай юм. Хяналтын тогтолцоо бий болох ёстой гэдгийг бид хараад байгаа. Харин үүнийг өнөөгийн уламжлалт систем дээр яаж байршуулж, яаж хийх үү гэдэг нь бэрхшээлтэй асуудал болоод байна. Гэсэн ч дутуу дулимаг санагдсан тогтолцооны асуудлыг шийднэ.
Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Бат-Оргил
Хагалгаанаас хойш өвчтөн идэвхтэй таван жил хяналтад байх ёстой. Идэвхтэй таван жилийн хяналтад манай зарим өвчтөнүүд байдаг, зарим нь байдаггүй. Хожуу шатандаа оношлогдсон хүн ер нь л тавилан тодорхой байдаг учраас эхний нэг, хоёр жилдээ нас барах тохиолдол элбэг байдаг. ХСҮТ Монгол Улсын хэмжээнд ходоодны хорт хавдар гэлтгүй хорт хавдраар өвчилсөн хүн бүртэй тулж харьцахыг хичээдэг. Ходоодны хорт хавдраар гэхэд 2020 онд 650 орчим хүн өвчилсөн. Эдгээр өвчлөлийн 77-83 орчим хувь нь хожуу шатандаа буюу 2, 3, 4 дүгээр шатандаа оношлогдсон байдаг. 650 өвчтөний 423 нь мэс заслын эмчилгээ хийлгэсэн байдаг. Бусад нь хагалгаа хийх боломжгүй гэж оношлогдсон байдаг.
Иргэд:
-ХСҮТ-ийн үйлчилгээ ямар байна вэ? Эмч нарын хувьд өвчтөнтэйгөө хэр ярилцаж байна?
- Сайн шүү дээ. Хаана чинь өвдөж байна, яаж байна, энэ өвчин хэзээ эхэлсэн гэдгийг сайн тодотгож хэлж өгдөг. Би ХСҮТ-ийн үйл ажиллагааг сайн гэж боддог. Би дандаа хөдөөнөөс ирж хүмүүсийг үзүүлж, өөрөө шинжилгээ өгөөд явдаг.
- Сайн, дажгүй байна.
- Сайн байна. Би 2-3 жил явж байна, манай эхнэр хөхний хорт хавдраар өвчилсөн юм. Одоо үзүүлээд явж байна, бас л болоогүй ээ. Мэсийн эмчилгээ, хими, туяаны эмчилгээ хийлгэсэн. Одоо томографт үзэж үлдэгдлийг нь дахиж шалгаж байна.
-Мэс заслын дараа эмч нараас ямар анхаарал тавьж байна?
- Эмч нар зөвлөгөө өгөөд тийм эмчилгээ хийлгэ гээд л. Эмнэлэг сайхан болсон юм байна шүү дээ. Хорт хавдар гээд хавдрын эмнэлэгт ирээд үзүүлээд байж байна.
-Эмч нарын зүгээс үйлчилгээ ямар байна, өвчтөнтэйгөө хэр ярилцаж байна?
- Ярилцаж байна. Харьцаа сайн байна.
- Сая эмч дээрээ орж үзүүлээд шинжилгээ өг гээд гарч ирээд шинжилгээ өгөхөөр хүүхдээ хүлээгээд сууж байна.