Монгол улсын нийт газар нутгийн 75 хувь нь долоо ба түүнээс дээш баллын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Үүний тулд иргэн, аж ахуй нэгжүүд барилга барих газраа сайтар судалж, төлөвлөх хэрэгтэй байна.
Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат “Долдугаар сарын 22-нд 08.00 цагийн үед Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 4.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний дараа 09 цаг 15 минутад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс 49 километрийн зайтай 5.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод хүчтэй мэдрэгдлээ. Газар хөдлөлт илүү хүчтэй байсан бол нийслэлд илүү хүчтэй мэдрэгдэх байсан.
Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулахын тулд нэгдүгээрт, иргэд, аж ахуйн нэгжүүд барилга байгууламж барих газраа маш сайн судалж, төлөвлөх ёстой. Уулын хажуу тал, эсвэл налуу газрыг тэгшлээд барилга бариад байна. Энэ маш эрсдэлтэй. Учир нь хөндсөн газар хөдлөх үед гулсаад барилга нурах эрсдэл илүү болдог.
Хоёрдугаарт, сүүлийн үед Сэлбэ, Улиастай, Туул голын дагуу олон барилга баригдаж байна. Энэ бол маш эрсдэлтэй. Голын голидролд байгаа хөрс ус ихтэй, чийгтэй байдаг. Ямар нэг чичирхийлэл доргилт өгөхөд чийгтэй хөрс амархан гулсдаг. Улмаар тухайн барилга сууриараа унана” гэж анхаарууллаа.
Барилга, хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр нийслэлийн хэмжээнд 8857 олон нийтийн барилга ашиглагдаж байгаагаас 1615 нь 2002 оноос өмнө буюу норм батлагдахаас өмнө баригдсан байна. Эдгээр барилгаас 96 нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 125 нь хүчитгэх шаардлагатай байна. Мөн 430 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдсэн бол 340 барилгыг ашиглахыг хориглосон байна.