Олон нийтийн цахим сүлжээнд худал мэдээлэл тараах асуудал энгийн үзэгдэл мэт болох нь ээ. Учир нь орчин үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд үзүүлэх нөлөө асар их болсон. Найман настай балчраас наян настай буурал хүртэл тодорхой хэмжээгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөнд автаж байдаг. Тухайлбал, 3.3 сая хүн амтай манай улсад гэхэд л 2.6 сая интернэт хэрэглэгчид байна. Үүний 60 хувь нь сошиал сүлжээнд, ялангуяа Фэйсбүүкт, маш идэвхтэй байдаг. Энэ нь хүн амын талаас илүү хувь нь мэдээллийг цахимаар хүлээн авч, түгээдэг болсон гэсэн үг юм.
Тийм ч учраас технологи үсрэнгүй хөгжиж буй энэ цагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ, мэдээллээ сайтар нягталж үнэн зөв мэдээлэх үүрэг хариуцлагатай тулгарч байгаа юм. Нөгөөтэйгүүр, иргэд ч мөн адил мэдээллийг шууд түгээхээсээ өмнө үнэн зөв эсэхийг ялгаж, таньж сурах нь чухал болоод байна.
Цахим орчинд худал мэдээлэл түгээсэн хамгийн ойрын жишээ гэхэд Цэнхэр үст Цэрэн хэмээн алдаршсан иргэн Э.Цэрэндолгор. Тэрээр гэртээ гал түймэрт өртөж нас барсан бэрээ ганцаараа байгаагүй өөр нэг эрэгтэйтэй хамт нас барсан хэмээн баримтгүй бичиж цагдаагийн байгууллага үнэн бодит мэдээллийг нуун дарагдууллаа хэмээсэн байдаг. Энэхүү хэргийн талаар тухайн үед болон одоо ч цагдаа, прокурорын байгууллагаас талийгаач Н.Байгальмааг ганцаараа байсан гэдгийг удаа дараа батлан хэлсэн.
Цагдаа, прокурорын байгууллага яагаад худал мэдээллийн эсрэг мэдэгдэл хийсэн ч иргэн Э.Цэрэндолгорт өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй түүний тарааж буй худал мэдээллийг таслан зогсоохгүй байгаа юм бэ. Үнэхээр худал мэдээлэл тараасан бол зохих хариуцлагыг хүлээлгэн нийгэмд энэ мэт үйлдлийг өөгшүүлэхгүй баймаар байна. Цахим сүлжээнд 124 мянга давсан дагагчтай Цэнхэр үст Цэрэнгийн хувьд энэ мэт мэдээллийг түгээн иргэдийг талцуулсаар байх нь энгийн л үзэгдэл болох нь ээ. Хууль дүрэм гэж байдаг ч хэдий хүртэл худал мэдээлэл түгээсэн иргэдийн толгойг илсээр байх юм бэ.
Түүний худал мэдээлэл тараасан үйлдэл нь дан ганц энэ удаагийнх биш. Өмнө нь ч худал мэдээлэл тараасан нь нотлогдон торгуулийн арга хэмжээ авч байсан.
Тиймээс иргэд аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, худал мэдээг ялган хандаж байх хэрэгтэй.
Олон нийт үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллээс болж төөрөлдөх, бусдын талаар буруу ойлгох улмаар өөрсдөө хохирогч болох эрсдэл дунд амьдарч байна.
Дийлэнх хүмүүс цахим орчин дахь мэдээллийг үнэн бодитой эсэхийг ялгаж чаддаггүй. Үүнийг нь зарим нэг ашиг сонирхолтой этгээдүүд ашигладаг. Худал хуурмаг мэдээ мэдээлэл зохиож, цахим орчинд тараах явдал нь ихэнхдээ мөнгөний, улс төрийн эсвэл өөр бусад нуугдмал ашиг сонирхлын үүднээс хийгддэг аж.
Бидний ярьж заншсанаар "хуурамч мэдээллийг" гаднын улс орнууд дараах 2 байдлаар ангилдаг байна.
- Misinformation- буруу ташаа мэдээлэл. Гэхдээ мэдээллийг цацсан хүн үнэн гэж боддог
- Disinformation- санаатайгаар, зорилготойгоор цацсан буруу, худал мэдээлэл
Хуурамч мэдээллээс үүдэх энэхүү аюул нь дэлхий дахинд хүчтэй газар авч байгаа юм.
"Columbia Journalism Review" сэтгүүлд нийтлэгдсэн "The News Literacy Project"-оос гаргасан худал мэдээллийн эсрэг зогсож, үнэн мэдээллийг хэрхэн таних аргыг хүргэж байна.
ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ЯЛГАХ ВЭ?
1. Сэтгэл хөдлөлөө хяна.
Худал мэдээлэл ихэвчлэн бидний сэтгэл хөдлөлөөр дамжуулж ухаалаг сэтгэхүйг унтраадаг. Тэгэхээр та тус мэдээллийг уншаад төрсөн анхны сэтгэгдэл чинь юу вэ? Та ууртай байна уу? Бухимдаа юу? эсвэл сонирхолтой санагдсан уу? Сэтгэл чинь хөдлөө юу? Мэдрэмжээ сайтар бодоорой.
2. Эх сурвалжийг асуу.
Тухайн мэдээллийг хаанаас гаргасан, хэн бичсэн, юунд зориулсан эсэхийг мэдэж байвал үнэн, худлыг ялгахад тусална. Энэ нь сонины мэдээ юу? Хэн нэгний үзэл бодол уу? Зар эсвэл хошигнол уу? Веб сайтаас үзэж байгаа бол тухайн сайтад "Бидний тухай" гэсэн хэсэг бий юу? Түүнд нь сайтын түүх, холбоо барих мэдээлэл байна уу? гэдгийг нь харгалзан үзэх хэрэгтэй.
3. Хэвшмэл байдлаасаа сэргийл.
Хэрэв тухайн мэдээлэл танд зөв санагдаж байвал та шүүмжлэлтэй хандахгүй байх магадлалтай. Уг мэдээлэл үнэн эсвэл худал гэдэгт та итгэлтэй байна уу? Өөрийгөө хэвшмэл байхыг хүлээн зөвшөөрч байна уу? гэдгийг бодоод үзээрэй.
4. Зурвасуудыг анхаар.
Санаатайгаар төөрөгдүүлэх гэсэн мэдээллүүд ихэвчлэн хэт түрэмгий шинж чанартай байдаг. Энэ нь сунжирсан, нийлмэл эсвэл хэт их тасалдсан өгүүлбэрүүдийг ашигладаг ба маш олон хэсгийг нь онцолсон байдаг. Мөн тус мэдээлэл нь нууц агуулсан эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэхийг хүсээгүй зүйлийг агуулсан гэж магадгүй.
5. Илүү ихийг судал.
Тухайн мэдээллийг хаанаас анх гаргасныг олж мэд. Нэр хүндтэй мэдээллийн хэрэгслүүд адил зүйл бичсэн байна уу гэдгийг хар. Factcheck.org зэрэг баримт мэдээллийг баталгаажуулдаг хараат бус байгууллагууд тухайн мэдээллийн тухай бичиж, маргасан эсвэл итгэсэн байна уу гэдгийг шалга.
6. Эх сурвалжийг дахин нягтал.
Мэдээллийн эх сурвалжийн нэр хүндийг судалж, цахим орчинд ямар байр суурьтайг нь шалга. Тухайн мэдээллийг хариуцлагатайгаар нийтэлж үү? Найдвартай жиргэж үү? Ямар нэг зөв бичгийн алдаа гаргаж уу? Текстэд байгаа баримт, үгийн товчлол, цогцолборын гарчиг зэрэг нь зохиомол эсвэл хэт хошигносон байна уу? гэдгийг бодож үзээрэй. Хэрэв та илүү их хичээл зүтгэл гаргавал WHOIS ашиглан веб сайтынх нь мэдээллийг авч болно.
7. Агуулгыг нь шалга.
Тухайн нийтлэлийг бичсэн хүний мэдээллийг ол. Үнэхээр жинхэнэ хүн үү эсвэл зохиомол нэр үү гэдгийг шалга. Дараа нь нийтлэгдсэн цаг, өдөр, байршлыг нь сайн ажигла. Мөн веб сайтаас харж байгаа бол хамгийн сүүлд хэзээ шинэчлэгдсэн, хэзээ шинэ мэдээлэл оруулсан бэ гэдгийг нь хар. Бас зураг дүрсэнд нь урвуу хайлт хийж, өөрчилсөн эсэхийг нь үзээрэй.