Сүүлийн үед харшил болон коронавирусийн шинж тэмдэг ижил байгаагаас үүдэн иргэдийн дунд эргэлзээтэй мөн эрсдэлтэй байдал үүсээд байгаа билээ. Бид энэ асуудлаар эмчээс тодрууллаа.
АӨСҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Батцэцэг
Яг шинж тэмдэг нь ижил биш. Ковидын зовиурыг бид бүгд мэдэж байгаа. Толгой өвдөх, халуурах, ханиалгах, хоолой өвдөх, хамарнаас нус гоожих, булчин өвдөх, гүйлгэх, үнэр амт мэдрэхгүй болох зэрэг зовиуртай.
Харшил гэдэг ойлголт нь ямар харшлаас хамаарна.
21 дүгээр зууныг харшлын зуун гэж ярьдаг. Харшлын маш олон төрлийн өвчнүүд байдаг. Ямар өвчин гэдгээс хамаарна шүү дээ. Ард иргэдийн дунд арьсны өвчинг харшил гэж ярьдаг тохиолдол байдаг. Биеэ даасан харшлын шалтгаангүй өвчинг ч харшил гэж ярьдаг. Эд нар бол шал өөр өвчнүүд байгаа.
Ковидтой шинж тэмдгээрээ адил гэж байгаа нь ургамлын тоосны харшил буюу хамрын үрэвсэл байна даа.
Харшлын шалтгаант хамрын үрэвсэл нь ургамлын тоосжилтын үетэй холбогдуулан ихэсдэг. Хамар битүүрэх нус гоожих, нусгайрах, нүд улайх, нулимс гоожих шинж тэмдэгүүд илэрдэг. Ковидын хувьд заавал хавьтал байх ёстой. Шинж тэмдэг 3-аас дээш илэрсэн тохиолдолд бид ковид гэж үзэж байгаа. PCR, түргэвчилсэн тестээр эерэг гарсан тохиолдлыг мөн авч үзэж байгаа.
Харшлын үед булчин өвдөх гэдэс гүйлгэх, халуурах зэрэг шинж тэмдэг огт байхгүй шүү дээ.
Үнэр амт алга болох шинж тэмдэг байхгүй. Тэгэхээр хүмүүс аль болох байдлаа ажиглах хэрэгтэй.
Хоёрдугаарт өмнө нь давтагддаг байдаг. Жишээлбэл харшилтай хүмүүс түрүү жил ингэж байсан. Өдийд өвддөг. Жилдээ нэг ингэдэг гэсэн баримжаа хүмүүст өөрт нь байдаг. Энэ жил шинээр үүсч байгаа бол андуурагдаж байгаа байх. Харшил уу, ковид уу гээд эргэлзэж байгаа бол харшлынхаа шинж тэмдгийг арилгах. Өөрөөр хэлбэл харшил төрүүлэгчээс хол байхад л болно. Тэгэхээр харшил төрүүлэгчээс хол байхыг л зөвлөнө.