Цар тахлын улмаас бүх нийтээр үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй, ес хоног амрахаар болсон. Наадам, цагаан сар гэх мэт уламжлалт баярын үеэр л эрэлттэй байдаг дээл, үндэсний хувцасны наймаа ямар байгааг сурвалжлахаар бид Нарантуул худалдааны төвийг зорилоо.
Олны хөл хөдөлгөөн тасардаггүй, байнгын хүн ихтэй байдаг Нарантуул худалдааны төв эл хуль. Хамгийн их хүнтэй лангуу гэхэд л хоёр үйлчлүүлэгчтэй байлаа. Зарим лангуу ямар ч хүнгүй, худалдагч нар нь утсаа оролдон хэвтэнэ.
Хөдөлгөөн багатай байна уу даа гээд өмд худалдаалж буй наймаачин эгчээс асуухад “Өнөөдөр харин ч хүн ихтэй байна. Баяр наадмын өдрүүд эхлэх гэж байгаа болохоор ч тэр үү хөдөлгөөн нэмэгдлээ. Өмнөх өдрүүдэд огт хүнгүй байсан шүү дээ” хэмээн бухимдангуй хэлэв.
Захын үндэсний хувцас худалдаалдаг хэсэг ч мөн хүнгүй. Үйлчлүүлэгчгүй болсон наймаачид хоорондоо сонин хачин ярилцан сууцгаана.
Хэдий хүн багатай ч “тараг аваарай”, “тор авах уу” гэх зэрэг жижиг барааны наймаачид өмнөх шигээ олны дундуур орилж, нааш цааш холхисон хэвээр. Захын хойд хэсэгт байрлах үндэсний хувцасны худалдаа эрхлэгчээс өдөрт хэчнээн дээл зарж байгаа талаар асуухад
“Наадамгүй юм чинь гээд дээл авч байгаа хүн ховор байна. Сүүлийн өдрүүдэд бараг зарагдаагүй. Заримдаа наймаа хагарахгүй ч өдөр байгаа. Өнөөдрийн байдлаар нэг загварын цамц, нэг дээл зарсан. Түрээсээ төлөхийн тулд өдөржин манаач хийгээд зогсож байна” гэв.
Энд дээл материал, загвараасаа хамаараад 80-120 мянган төгрөг, загварын цамц 40-50 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Гоёлын, хүүхдийн гэх мэт төрөл бүрийн дээл өлгөөтэй байсан хажуугийн лангууны худалдаа эрхлэгчтэй уулзаж, цөөн хором ярилцахад “Одон, шагнал гардуулах үеэр л хөдөлгөөнтэй байсан. Одоо бол ямар ч хүнгүй байна. Өнгөрсөн жил бас наадам хийгээгүй болохоор дээлний борлуулалт муу байсан. Гэхдээ энэ жилээс илүү зарагдсан. Халдвар тархсанаас хойш борлуулалт эрс буурсан. Сүүлийн хоёр жил хэцүүхэн байна. Наадам болсон бол өөр байх байлаа. Монгол хувцас зарагддаг үе нь цагаан сар, наадам байдаг. Гэтэл энэ жил аль нь ч болсонгүй. Авдар дүүрэн бараатай л үлдэж байна даа” гэв.
Биднийг ийн ярилцаж байтал өдрийн од шиг ховор болсон худалдан авагч загварын цамцны үнэ асууж ирлээ. Тэрбээр “Наадамдаа зориулж үндэсний цамц сонирхож байна. Баяр болох гэж байна шүү дээ. Жилд ганцхан удаа тохиодог үндэсний их баяр наадмаараа Монгол хувцсаа заавал өмсөнө” гэсээр найзтайгаа хос цамц худалдаж аваад ямар гутал өмсөх талаар ярилцан цааш явцгаалаа.
Хажуугийн лангууны урд аав, охин хоёр дээл өмсөнө. Наадмын амралтаар Увс аймгийн Тэс суманд байдаг эмээгийндээ очих гэж байгаа тухай хөөрөлдөнө. Хөдөө явах гэж байгаа болохоор дээл авч байна гээд охин нь инээд алдан цагаан цэцэгтэй хөх даавуун дээлээр гоёхоор сонголоо.
Наадмын урт амралтын өдрүүдээр Хөвсгөл рүү аялахаар төлөвлөсөн нэгэнтэй ч таарлаа. Тэрбээр жил бүр дээл авдаг гэв. Энгийн үед ч өмсөхөд амар байдаг гээд 120 мянган төгрөгийн дотортой дээлийг үнэ бууруулах уу гээд асууж зогсоно. “Дээл захиалж хийлгэвэл илүү үнэтэй тусна шүү дээ. Гадуур дэлгүүрт 200-300 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Эндээс авахад харьцангуй хямд байдаг юм” гэв.
Мөн Монгол загварын цамц, дээл авах гэж ирсэн иргэн өмнөх жилүүдийг бодоход үнэ нэмэгдэж, загварын тал дээр ч сонголтгүй болчихсон байна хэмээн унтууцах нь чихнээ сонстоно.
Энэ мэт наадмын ес хоногийн хугацаанд аялж, зугаалахаар төлөвлөсөн иргэд л дээл худалдан авч байв.
Малгайны хэсэгт очиж, 30 орчим насны залуухан худалдаа эрхлэгчтэй ярилцав. Энэ жилийн наадам болно гэх үеэр нэмж малгай захиалж авчээ. Харамсалтай нь цахим наадам хийхээр болж, худалдан авагчгүй болж “Төр засгийн эргэж хургасан шийдвэрээс болж цөм шатаж байна даа” хэмээн сэтгэл дундуур ярьсан юм.