"Дипломны гол" гэгдэх шинэ төгсөгчдийн боловсрол нийгэмд шалны алчуураар хэмжигддэг. Ялангуяа коронавирусээс үүдэн шинэ төгсөгчид мэргэжлээрээ ажиллах нь битгий хэл худалдагчийн ажил олох нь ч асуудалтай болоод байна.
“Боловсролын чанар муу байна, худлаа үнэн их сургууль дүүргээд дипломтой зөөгч, худалдагчид их боллоо” гэж шүүмжлэх хүмүүсийн тавьсан суурин дээр өнөөгийн залуучууд амьдарсаар…
Үнэндээ шинэ төгсөгчид, бүхнийг сайхнаар төсөөлж, хөөрч дэвэрсэн сэтгэлдээ хөглөгдөн “Сайн уу амьдрал минь” гээд л амьдралд хөл тавьдаг. Гэвч залуу боловсон хүчнийг өлгийдөөд авах албан тушаалтан манай нийгэмд тун ховор.
Шинэхэн сэхээтнүүдэд нийгэм хоёр замыг санал болгодог. Нэгдүгээрт, дөрвөн жил сурсныхаа хэргийг гарган мэргэжлээрээ ажилла. Гэхдээ дадлагажих дор хаяж нэг жилийн хугацаандаа хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх хэрэгтэй болно. Уг нь эцэг эхийнхээ хөлсөө урсгаж олсон мөнгөөр сургуулиа дүүргэсэн залуус эргээд эцэг эхдээ тусалж чаддаггүй юм аа гэхэд өөрийгөө бүрэн даагаад явах нь бяцхан гавьяа. Гэвч тэд туршлагагүй, аливаа зүйлсийг мэдэхгүй, хөлөө олох гээд л дэнжгэнэж буй хөөрхий бүтэлгүй амьтад. Тэдний боловсрол эхэндээ цалингийн доод хэмжээгээр үнэлэгдэнэ. Чадваржиж дадлагажих хүртлээ дахиад л эцэг эхээ мөлжинө. Энэ хэв маягаасаа залхаж байгаа нь зугтааж хүсэл мөрөөдөл зорилгоо хаяхад хүрнэ. Харин тэвчих нь шүд зуусаар гүрийгээд л үлдэнэ. Мэдээж амьдрал баялаг. Тэсч үлдсэнийхээ хариуд ирэх шагнал нь зорилгодоо хүрэх, бас чадваржих.
Харин хүсэл мөрөөдлөө хаян байж өөр замаар алхаж буй залууст мөнгө хэрэгтэй. 500-600 мянган төгрөгөөр цалинжин чадвартай болохоор хичээж зүтгэх хугацаа байхгүй. Үүний оронд 800 мянган төгрөгийн цалинтай зөөгч, 1 сая төгрөгийн цалинтай худалдагч хийх нь тэдний амьдралд хэрэгтэй. Үүнийг буруутгах аргагүй, тэд хүссэнээ биш хэрэгтэй зүйлээ л хийж байна. /Монголчуудын дундаж цалин 1 сая 300 мянган төгрөг гэж статистик судалгаа бий. Гэвч бодит байдал дээр шинэ боловсон хүчнүүд 500-600 мянган төгрөгөөр цалинжиж эхэлдэг.
Саяхан Засгийн газраас Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Аливаа зүйлийг хөнгөнөөр харж гаргасан шийдвэрүүдийн нэг нь энэ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгаагаар нийт их, дээд сургууль төгсөгчдийн 35 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй. Үүний шалтгаан нь ажлын байрны шаардлага өндөр. /туршлагатай, ачаалал даах чадвартай г.м/. Мөн цалингийн хэмжээ бага гэсэн шалтгааны улмаас мэргэжлээрээ ажиллаагүй байдаг.
Үүгээрээ юуг хэлэх гэсэн бэ гэвэл,залуусыг мэргэжилд бэлтгэхэд 500 тэрбумыг зарж байгаа нь дэмий мөнгө урсгаж буй хэрэг болоод өнгөрсөн. Дипломтой зөөгч, худалдагч нар улам нэмэгдсээр буй энэ үед, шинэ боловсон хүчнүүдээ дэмжиж ажиллах нь оновчтой арга зам юм. Өөрөөр хэлбэл залууст шаардлага тавьдаг “ажил олгогч” нарт ч ажил горилогч нар шаардлага тавьдаг байх нөхцлийг системтэйгээр бүрдүүлэх.
Тухайлбал шинэ төгсөгч нарын цалингийн доод хэмжээг тогтоогоод өгчхөж болох юм. Ингээд аливаа байгууллагад хэдэн шинэ боловсон хүчин байгаагаас хамааран сар бүр төрөөс дэмжлэг үзүүлдэг зохицуулалт байх хэрэгтэй. Боломжийн цалинтай болгосныхоо дараа тавих шаардлагаа нэмж байж тэнцвэр үүснэ.