Монголын төр иргэндээ ээлгүй байгаа олон жишээг цар тахлын үед илүүтэй мэдэрлээ. Мөнгөгүй, танилгүй бол иргэдээ үх гэж хэлж байгаагаас ялгаагүй энэ төр ковидийг даван туулахад дорвитой шуурхай арга хэмжээг өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлж чадсангүй ээ.
Хамгийн ойрын жишээ гэхэд өнгөрсөн амралтын өдөр 35 настай Covid-19-ийн халдвар авсан хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй эмнэлгийн гадаах хашаа дэрлээд нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Тухайн иргэний хувьд нас барахаас хоёр хоногийн өмнө эерэг гарч, хатгаатай гэж оношлогдож, харьяа эмнэлэгтээ хандахыг түргэн тусламжийн эмч зөвлөжээ. Гэвч харьяаллын дагуу “Энэрэл” эмнэлэг нь түүнийг хэвтүүлээгүй, дүүргийн эмнэлэг рүү явуулсан ч дүүргийн эмнэлэг нь “Энэрэл” эмнэлэг рүү буцааснаас цаг алдаж, эмнэлгийн хашаа дэрлэн ийнхүү тусламж авч чадалгүй нас барсан юм.
Харин албаныхан тухайн иргэнийг “архи уудаг байсан, зоорийн давхарт амьдардаг” байсан хэмээн цоллож, эрүүл мэндийн байгууллага нь маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Өөрсдийнхөө арьсыг хамгаалахдаа өмгөөлж хамгаалах хүнгүй иргэнийг ийн элдвээр хэлэв. Хэрвээ энэ иргэн аль нэг дарга, цэргийн ойрын хамаатан байсан бол хэдийнээ эмнэлэг бараадан эмчлүүлчих л байсан. Хөнгөн хэлбэрээр туссан хүмүүс гэрээр эмчлүүлнэ гэсэн заалттай ч “Надад одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй” хэмээн улсын эмнэлэгт эмчлүүлсэн томчуудын мэдээллийг өнгөрсөн хугацаанд олонтаа харсан.
Тэгвэл тэд хөнгөн хэлбэрээ эмнэлэгт хянуулж байхад хоёр сартай хүүхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоог орхисон тохиолдол саяхан болж өнгөрсөн. Мөн л эмнэлгийн байгууллагаас гурван өдөр очиж эрүүл мэндийн байдлыг нь шалган эм өгч байсан гэж мэдээлсэн ч ковидийн халдвар нь хүндрэн эмнэлэгт хэвтсэн ээжээсээ шинжилгээний хариу нь сөрөг гарсан нярай арга буюу аавтайгаа гэртээ үлдсэн байдаг. Талийгаач охины аав эмнэлгийнхэн охиныг минь нэг ч удаа ирж үзээгүй хэмээн харамсан ярьж байсан. Хэрвээ мөнгөтэй, танилтай бол энэ цагт эмнэлэг бараадаж байгаа жишээ олон.
Цар тахлын ийм хүнд цаг үед нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг аврахын төлөө эмч, эмнэлгийн дарга, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн бүр хичээн ажиллах ёстой. Учир нь тэд тангараг өргөсөн хүмүүс. Мэдээж нийтээрээ хариуцлагагүй, хайнга хандаагүй ч нэг ч гэсэн Монгол хүний амь өнөөдөр үнэ цэнэтэй байх ёстой юм.
Гэхдээ эмнэлгийн салбарын авлига, танил талаа хардаг байдал л эмч, эмнэлгийн ажилтнуудын 100 хувь буруу гэж хэлж боломгүй юм. Цар тахлын эсрэг хоёр жил нойр хоолгүй зүтгэх тэдний гар дээрээ авч байгаа цалин оффисийн үйлчилгээний ажилтнаас бага байгаа нь үнэн. Авсан цалингаараа зээлээ төлөх үү, хүнсээ залгуулах уу гэж толгой гашилган байгаа тэд үнэндээ үнэ цэнэгүйдүүлсэн энэ л мэргэжлийнхээ төлөө багадаа зургаан жилийг зарцуулсан гэхээр харамсалтай. Арга тасарсан эмч, эмнэлгийн ажилтнууд хэдэнтээ амлаад гар дээрээ ирдэггүй цалин, урамшууллаа нэмэгдүүлэхээр энэ цагт тэмцсээр л байгаа.
Эмч, эмнэлгийн ажилтан хангалттай цалин хөлс, урамшуулал авдаг болбол ар гэртээ санаа зовох зүйлгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэх зүтгэл тэдэнд бий. Энэ төрийн хийж хэрэгжүүлэх гэж эргэж, буцсан шийдвэрүүд эргээд ард түмэн эмч нараа эсрэгцүүлэн танилгүй, мөнгөгүй л болох үхэх юм байна гэсэн иргэдийн айдсыг илүүтэй нэмсээр л.
Үндсэн хуулиар олгогдсон АМЬД ЯВАХ эрхээ ч эдэлж чадаагүй 35-хан настай залуу, хоёр настай нярайн амийг хэн төлөх вэ. Манайд хамаагүй, танайд хамаатай хэмээн хоорондоо “шидэлцсэн” эмч нар, эмнэлгийн ажилтнууд, тэдний ажилд хяналтаа тавьж чадаагүй Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадорж та төлөх үү?
Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 15567 тохиолдол шинээр илэрч, 99 хүн нас барлаа. Тэдний хэд нь эмнэлгийн ор олдохгүй гэртээ өвчнөө хүндрүүлснээс болж энэ хорвоог орхисон бол оо.
Хүнээ анхаардаг төртэй болохсон.