Манай энэ удаагийн “Тэр” нэвтрүүлгийн дугаарт 40 жилийн турш цагдаагийн албанд зүтгэсэн ахмад С.Уламбаяр оролцлоо.
Тэрээр 1982 онд Төрийн тусгай хамгаалалтын албаны цагдаа буюу тухайн үеийн сэргийлэгчээр ажилд орж байжээ. Маршал Ю.Цэдэнбал, И.Филатова, МЗЭ-ийн төв хорооны дарга асан Л.Түдэвгуай нарын хамгаалалтад гардаг байсан талаараа хуучилсан юм.
18 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БАЙХ ҮЕЭС ЭХЛЭН ШАНТРАЛГҮЙ ЗҮТГЭЖ АЖИЛЛАСАН
Улмаар 2004 оноос дэслэгч цол авч гэмт хэргийн их уурхай гэгдэх “Бөмбөгөр” хэсгийг хариуцан ажиллах болжээ. Энэ тухай ярихдаа, “Бөмбөгөр худалдааны төв чинь тухайн үедээ “өвгөнтийн хөндий” нэртэй байлаа. Их ноцтой хэргүүд гардаг. Цагдаа нарт эргүүлийн унаа тэрэг гэж байх биш эрүүлжүүлэхийн ганц фургонтой байсан юм. Тухайн үед манай цагдаа нар согтуу гудамжинд унасан хүмүүсийг өөрсдөө үүрээд л, заримдаа тэргэн дээр түрээд л эрүүлжүүлэхэд хүлээлгэн өгдөг байсан. Цагдаагийн байгууллага 1996, 1997 оны үед цалин маш бага байлаа. Бид чинь 18 мянган төгрөгийн цалин авч эхнэр хүүхэд, ар гэрээ тэжээдэг байлаа шүү дээ” хэмээн ярилаа.
Цагдаагийн ахмад С.Уламбаяр нь үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл албандаа зүтгэж явсан тухайгаа дурсан суухдаа бага охиныхоо нэрийг ч мартчихсан талаар инээд алдан ярьж байсан юм.
“Цагдаагийн байгууллагад ажиллах их хэцүү. Би ер гэрийн бараа харж байгаагүй. Шөнө орой дуудагдаад явна, дөнгөж гэртээ ирээд хоолоо идээд сууж байхад яаралтай дуудагдана. Тэр үед Цагдаагийн ерөнхий газрын харьяанд одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдал зэрэг байгууллагууд байсан болохоор бүх төрлийн ажил хийдэг байсан. Хэрэг бүртгэлээ хийнэ, хороогоо хариуцна, хороондоо эргүүл хийнэ. Дээрээс нь галын болон үер усны аюул гарах үед бүгдэд нь явдаг байв. Ямар сайндаа бага охиныгоо Урнаа л гэхээс жинхэнэ нэрийг нь мэдэхгүй, эхнэр рүүгээ утастаад “Манай охиныг Уранцэцэг гэдэг билүү Уранчимэг гэдэг билүү гэж асуугаад бөөн инээдэм болж байж билээ.
Хүн ажилдаа их зүтгэлтэй байх хэрэгтэй. Сэтгэл тавьж ажиллаж байх ёстой юм. Би 1994 онд сургууль төгссөний дараа хөдөө томилогдох болсон ч яваагүй юм. Ингээд цол авч чадалгүй төгсөөд 11 жил ахлагч цолтой хэсгийн байцаагч хийсэн. Энэ олон жил зүтгэхдээ албан тушаалын төлөө явж байсангүй. Хувь хүнийхээ хувьд аль ч хороонд би эзэн байсан л гэж боддог.
АХМАД ЦОЛТОЙ ЭНГЭРТЭЭ ОДОН ТЭМДЭГТЭЙ ЯВАА НЬ МИНИЙ ХАНИЙН АЧ
Сайн, сайхан яваа хүний ард сайн хань, гэр бүл байдаг шүү дээ. Хүний хань гэдэг аав, ээжийг мөнх бус үзсэн цагт түшиг болдог. Өнөөдөр би ахмад цолтой, энгэртээ цагдаагийн том одон тэмдэгтэй яваа минь миний ханийн хүч.
Цагдаагийн байгууллагад олон жил ажиллахдаа баяр баясгалантай янз бүрийн юм байлгүй яахав. Хамгийн их баярлаж байсан нь том хүүгээ цагдаа болох шийдвэрийг гаргахад тоймгүй их баярлаж байсан. Төрийн албыг би өөрөө сайн хаасан. Алдаж онож байсан үе бий. Гэсэн ч Төрийн албыг удам дамжиж хүү маань залгамжлаад явж байгаад хязгааргүй их баярладаг.