Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар коронавирусийн тархалтын эрчим нэмэгдсэнтэй холбогдуулан цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийг харсан иргэд болон наадамд бэлдэж байсан уяачид, бөхчүүд, харваачид тэргүүтэй маш олон хүмүүс бухимдаж байна. Бухимдах нь ч зөв.
Гэхдээ эдгээр хүмүүсийн дунд "наадам хойшлуулж болохгүй" гэхээсээ илүүтэйгээр төр засгийн хариуцлагагүй эргэж буцсан, цагийг нь тулгаж гаргасан шийдвэрт маш ихээр бухимдаж байлаа. Бүтэн жилийн хөлс хөдөлмөр, ур ухаанаа шингээн морь уяж, бөх барилдан, сур харвахаар бэлтгэл сургуулилтаа хийн хаа байсан орон нутгаас хамаг бүхнээ үүрч дүүрэн хотод ирээд байрлаж байсан тэд ийн бухимдах нь арга ч үгүй. Өчигдөр оройноос эхлэн “Наадмаа хийе” гэсэн уячдыг буруутгах хэцүү. Хэрвээ төр засаг эртхэн энэ шийдвэрээ гаргасан бол аймгуудаас уяачид морь хүлэглэн хотод ирж жагсахгүй л байсан.
Түүнчлэн нөгөө талдаа "NoNaadam", "Тэвчээр тасарлаа" гэх хөдөлгөөнийг өрнүүлж цахим наадмыг эсэргүүцэж байгаа залуус, ААН-үүдийн төлөөллийг буруутгаж болохгүй.
Төрийн хараа ухад мөчид байгаа нь ийнхүү иргэдийг хоёр талцуулан нүүдлийн соёл иргэншлийн төлөөлөл хийгээд хотод өссөн шинэ үеийн төлөөлөл хоёрыг ялгааг улам хурц болголоо. Хурдан морины унаач хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн залуус морин дэл дээр нүүдэлчин өв соёлоо хадгалан байгаа залуусыг Засгийн зөрүүтэй шийдвэр ийнхүү хагаралдуулсан нь харамсалтай.
Цар тахлын халдвар өдөр бүр хоёр мянга давж, өдөрт 10 давсан хүн ковидоор нас бараад байгаа хүнд хэцүү цагт баяр наадам хийнэ гэж туйлширсан Засгийн газарт бүх буруу бий. Тэд л бөхчүүд, уяачид, харваачдыг болон наадам хийхгүй гэж тэмцэж буй иргэдийг өнөөдрийн энэ хүнд байдалд орууллаа. Хэрвээ муугаар бодвол уяачид болон наадам эсэргүүцэгчид талбай дээр ямар нэгэн байдлаар зөрчилдсөн бол хэн хариуцлага хүлээх вэ. Анхнаасаа л наадам хийхгүй гэдэг шийдвэр гаргачихсан байсан бол хэн ч наадамд бэлдэхгүй, хэн ч наадмыг эсэргүүцэхгүй байх байлаа. Ковидоор нас барсан хүний тоо 600 бараг хүрчхээд байхад баяр наадам хийнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, сайд дарга нараас өөр үнэндээ байсангүй. Аргаа барсан иргэд “Нэг өрөөндөө талийгчаа тавиад нөгөө өрөөндөө баяр тэмдэглээд найрлаад сууж болохгүй биз дээ” хэмээн халаглах.
Угтаа цахим наадам гэж нэрийдсэн ноёдод зориулсан зугаа цэнгэлийн төсөв энгийн татвар төлөгч иргэн бидний халааснаас гарч байгаа учраас цагаа олоогүй зүйлд зарцуулахгүй гэж зүтгэсэн иргэдийн ч зөв. Иргэдийнхээ үгийг сонсдоггүй эргэж буцсан төр засгийн шийдвэр хэзээ нэг цэгцэндээ орох юм бол доо. Ямартаа ч цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жилд төрийн хариуцлагагүй шийдвэр, өөр хоорондоо зөрчилддөг дүрэм журмын хөлд үнэндээ энэ ард түмэн чинь сөхөрлөө. Түмэн олны тэвчээр тасартал битгий наадаач Засаг минь.