Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлжээ. Ээлжит бус хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Харин Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.
Мөн айл, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд бүрд олгох 100,000 төгрөгийг он дуустал үргэлжлүүлэх тухай төсвийн тодотголд тусгасан. Үүний зэрэгцээ айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усн, хог хаягдлын төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал олгохоор төсвийн тодотголд тус тус тусгасан" гэлээ.
Өнгөрөгч Баасан гарагт ҮАБЗ хуралдаж, төсөвт тодотгол хийх замаар Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж УИХ-д өргөн мэдүүлнэ.