Ковидийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс хэд хоноод нийгмийн харилцаанд орж, ажилдаа явж болох талаар болон эдгэрсний дараа ямар эм, эмчилгээ санал болгож байгааг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяраас тодрууллаа.
-Ковидийн халдвар аваад эдгэрсэн иргэд хэд хоног тусгаарлагдаж, хэвийн амьдралын горимдоо орж байгаа вэ?
-Коронавирусийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийн халдварын тусгаарлалт 14 хоног байгаа. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалан хүнд өвдсөн болон цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай биш л бол коронавирусийн анхны шинж тэмдэг илрэн оношлогдсоноосоо хойш 14 хоног болсны дараа бусдад халдвар тараахгүй гэж үзнэ. Тиймээс гэрээр эмчилгээ хийж байгаа халдвар авсан иргэдийг ч 14 хоног тусгаарлаж байгаа.
-Халдвар авсан гэдгээ шинжилгээгээр баталгаажуулснаас хойш хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол 14 хоногийн дараа ажлаа хийгээд явж болох уу?
-Болно.
-Халдвар авсан иргэд бүрэн эдгэрсэн гэдгээ хэрхэн мэдэх бэ. Заавал PCR шинжилгээ өгөх шаардлагатай юу?
-Шаардлагагүй.
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд PCR шинжилгээ хийж гаргаж байгаа юу?
-Үгүй. ЭМ-ийн сайдын баталсан эмнэл зүйн удирдамж байгаа. Олон улсын удирдамж ч гэсэн тийм байгаа. Бид анх короанвирус илэрч байхад тухайн халдвар авсан хүнээс олон дахин давтамжтай шинжилгээ авч 2-3 сар болгож огт шинжилгээгээр гарахгүй болсны дараа бүрэн эдгэрсэн гэж эмнэлгээс гаргаж байсан. Тухайн үед бүхий л орнууд тэгж ажиллаж байсан. Харин одоо дэлхий нийтээрээ халдвар авсан хүний амьсгалын замаас 10-14 хоногийн дараа шинжилгээгээр вирус илэрч байсан ч энэ нь бусдад халдвар тараахгүй байгаа гэдгийг судалгаагаар баталсан. Өнгөрсөн хугацаанд эдгэрч гараад гэрийн тусгаарлалтад байсан иргэддээ бид судалгаа хийсэн. Ингэхэд тэдгээр хүмүүсийн эргэн тойрныхон халдвар авсан тохиолдол байгаагүй.
Бид ч мөн адил одоо олон улсад шинэчлэгдэж байгаа эмнэл зүйн удирдамжийг дагаж мөрдөж ажиллаж байгаа.
ДЭМБ, олон улсын судлаачид, манай эрдэмтэд судлаачид гээд бүхий л коронавирустэй холбоотой судалгаа шинжилгээг үндэслэл болгон эмнэл зүйн удирдамжаа өөрчилсөн. Хөнгөн болоод хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст эмнэл зүйн шинж тэмдэг арилаад гурав хоносон, шинжилгээнүүдээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй хүмүүсээс дахин PCR шинжилгээ авахгүйгээр эмнэлгээс гаргасан.
-Бүрэн эдгэрээд хэвийн амьдралдаа орж байгаа хүмүүс ямар дэглэм барих хэрэгтэй вэ. Цахим сүлжээнд “Би эдгэрээд сар болсон ч цусны шинжилгээ өгөхөд цус өтгөрөлттэй байна”, “Одоо болтол толгой эргэж, үе үе өвддөг нь зүгээр болохгүй байна” гэх зэргээр эргэлзээтэй зүйлс олон байна?
-Коронавирус өнөөдрийг хүртэл судлагдаж байгаа. Эдгэрсэн хүн бүрийг цусаа шингэл, эм уу гэсэн хавтгайрсан зөвлөмж өгнө гэж байхгүй. Ялангуяа хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдэд айхтар үлдэц, уушги нь хэдэн сар жилээр аюултай болж байгаа зүйл огт байхгүй. Хүнд өвдсөн хүмүүст тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хэсэг хугацаанд байх боломжтой. Гэхдээ хүндрэл өгсөн хүмүүсийг шууд эмнэлгээс гаргана гэж байхгүй. Жишээлбэл, хүндээр өвдсөн хүнийг халдвараас сэргийлж тусгаарлалтад 21 хоног хүртэл байлгаж байгаа. Хүн болгонд тохирсон байдлаар үүнийг хэрэглэж болно, болохгүй гэдгийг нь эмнэлгийн байгууллага хэлж өгч байгаа. Хөнгөн өвдөөд шинж тэмдэг нь арилсан хүн эмнэлэгт 10 хоноод гарч, гэртээ 4 хоног тусгаарлалтад байгаад нийтдээ 14 хоногийн дараагаас нийтийн дунд орж болно гэсэн үг. Гэтэл хүнд өвдсөн, сэхээнд орсон, дархлаа султай, өндөр настай, хавдрын эм хэрэглэдэг иргэдийг 21 хоногийн дараагаас бусдад халдвар тараахгүй болно гэж үзэж байгаа. Халдвар тараах хүнийг ямар ч эмнэлгийн ажилтан та шууд гэртээ гар гээд гарахгүй.
-Хүнд өвдсөн хүний хувьд магадгүй ядрах, сульдах, ой тогтоомж бага зэрэг муудах, хөлрөх зэрэг хөнгөн зүйлс болно. Гэхдээ бүх хүнд хөнгөн хэлбэрүүд илрэхгүй. Эдгэрч гарсан л бол цусаа шингэлээд бай гэсэн зөвлөмж өгч болохгүй. Эргээд яар нэгэн байдлаар үүнээс үүдэлтэй гаж, сөрөг нөлөө тодорхойлогдоно. Тийм болохоор цус шингэлэх тал дээр өрхийн эмч заавал зөвлөсөн тохиолдолд хэрэглэнэ үү гэхээс биш хүн бүрд биш. Магадгүй цусаа цусаа хамаагүй шингэлэх эм, өвс, тан уугаад цус нь шингэрээд цус харвачихвал яах вэ. Энд тэнд ухаан алдаад унавал яах уу. Хүн бүрд өөр өөр байдаг учраас заавал эмч үзэж асуумж авсны дараа тохирох тунгаар л хийх ёстой.
-Манайд эдгэж гараад дахин халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн үү?
-Манай эмнэлгийн хувьд эдгэрч гараад дахин халдвар авсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй.