Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр 20:00 цагт болсон.
Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд гаргасан шийдвэрийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцуулж байна. Тэрбээр "ХӨСҮТ, ЭМЯ болон холбогдох байгууллагуудаас коронавируст халдварын нөхцөл байдал түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг УОК-ын хуралдаанаар хэлэлцлээ.
Нэгдүгээрт, хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-наас гаргаагүй. Тодорхой үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, нөхцөл байдалд дүгнэлт хийх саналыг оруулж ирсэн. Энэ дагуу УОК-оос шийдвэрүүдийг гаргалаа. Хүн амын хөл хөдөлгөөн нэмэгдэж, цаашид халдварын тоо өсөх магадлалтай байгаа тул мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтэд үндэслэн 2021 оны 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий үйл ажиллагааны төрөл болох бялдаржуулах төв, саун, бассейн фитнесийн үйл ажиллагааг 10 хоног зогсоохоор боллоо.
Мөн бүх төрлийн ресторан, кофе шопуудын заалаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг дахин 10 хоногоор сунгах шийдвэрийг гаргалаа. Амралтын газрууд ч мөн 10 хоног ажиллахгүй.
Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 176 суманд тодорхой хязгаарлалтуудыг хэрэгжүүлж байгаа тул хот хоорондын хөдөлгөөнийг хаах асуудлыг шийдвэрлээгүй. Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Орон нутаг зорих иргэд тухайн аймгийн ОК-оос ямар шаардлагыг биелүүлэх талаар мэдээлэл авах нь зүйтэй" гэсэн юм.
Иргэдийг хот орчмын ногоон бүсэд агаар салхинд гарахыг УОК дэмжих бодлого баримталж байгаа хэдий ч бөөгнөрөл үүсэж байгаа тул иргэдийг гэр бүлийн хүрээнд амарч, зугаалах хэрэгтэйг тэрбээр онцоллоо.
Хязгаарлалт тогтоож, үйл ажиллагааг нь түр зогсоосон салбаруудын үйл ажиллагааг цаашид хэрхэх талаар сэтгүүлчийн асуултад УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "УОК-ын даргын 41-р тушаалаар баталсан зааврын дагуу хоол үйлчилгээний газрууд танхимынхаа 50 хувьд хүн хүлээн авч, ширээ хоорондын зайг 2 метр байлгаж, вакцины хоёр тундаа хамрагдсан иргэнд үйлчлэх ёстой. Худалдааны төвүүд, зах, кофе шоп мөрдөх журмыг баталж, 5-р сарын 8-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаануудыг шат дараатай нээсэн. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж чадвал аж ахуйн нэгжүүдийг ажиллах шийдвэр гарсан ч хүний бөөгнөрөл үүсэж, халдвар тархах эрсдэл үүсээд байна. Тиймээс хязгаарлалтуудыг тогтоож байна.
Цаашид журмаа мөрдөж, нөхцөл байдал намжвал үйл ажиллагааг нь нээх тал дээр дэмжлэг үзүүлж ажиллах болно. Нөхцөл байдал хүндэрвэл хязгаарлалтын асуудлыг дахин хэлэлцэнэ. Засгийн газар, УОК хөл хорихгүй, иргэдийн оролцоотой цар тахлыг даван туулна гэсэн итгэлтэй байна. Зах, худалдааны төвд бөөгнөрөл үүсэж байгаа хэдий ч хаах талаар яриагүй байна. ААН, байгууллагад олон удаагийн зөвлөмжийг хүргүүлсээр байна. Хэрэв цаашид журмыг баримтлахгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдвал асуудлыг авч хэлэлцэнэ" гэлээ.