Өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудын ажлын нөхцөл хүнд байна.Тодруулбал нэг өрхийн эмнэлэг дунджаар 10 ажилтантай. Тэдгээр ажилтнууд коронавирусийн халдвар авч гэртээ эмчлүүлж буй хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгөх, биеэр очиж үзэх гээд амрах ч завгүй ажиллаж байгаа юм.
Энэ талаар “Энхсүндэр” өрхийн эмнэлгийн дарга Г.Энхтуяа, “Ажлын ачаалал маш өндөр байна. Зөвхөн манай хороон дээр гэхэд гэрийн хорионд 228 иргэн байна. 228 иргэнтэй өдөр бүр холбогдож байна. Дээрээс нь тэдний ойрын хавьталтай холбогдож, шинжилгээ авч байгаа.
Өрхийн эмнэлэгийн ажиллах хүч их хомсхон. Манай өрхийн эмнэлгийн хувьд дөрвөн эмчтэй, таван сувилагчтай. Үнэхээр хаанаа ч хүрэхгүй л байна. Дээрээс нь бид ганцхан ковидыг эмчлээгүй. Нярай, өндөр настан, жирэмсэн эхчүүдээ үзнэ, эм бичих гээд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа учраас хүрэлцээгүй. Одоогоор манай эмч нар орой бүр 11, 12 цаг хүртэл сууж энэ хүмүүстэйгээ холбогдож байна. Ажил амралтын өдрийг ч ялгахгүй л байна. Амралт гэж байхаа байсан.
Өрхийн эмнэлгийг дээд байгууллагууд харж үздэггүй. Ковид гарлаа гээд ХӨСҮТ тэргүүтэй том эмнэлгүүд урамшуулал авлаа, илүү цагийн мөнгө олголоо, утасны мөнгө өгч байна л гэдэг. Ийм зүйл өрх дээр огт байдаггүй. Өрхийн эмнэлгийн эмч нар чин сэтгэлээрээ, өөрийн зоригоор л ажиллаж байна гэж хэлэхээр байна.
Гэрийн эмчилгээний журмаар ковидтой хүмүүсийг гэрээр очиж үзэж байна. Гэрээр үзэхээр нэг эмч өдөрт 40-50 айлаар орно. Орой 9-10 цагаас өмнө ирэхгүй байна. Одооны хувьд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна даа.
Ковидоор өвчилсөн хүний хувьд одоохондоо хөнгөн нь хөнгөн хүнд нь хүнд байна. Жирэмсэн ээжүүд, өндөр настнууд их хүндрэх асуудал тулгарч байгаа. Иргэд хамаг зовуурь уцаараа өрхийн эмнэлэгтээ гаргана. Зовуурь ихтэй л байвал биднийг загнаж байна. Өрхийн эмнэлгээ огт хүндлэхгүй байна шүү дээ. Шөнийн 12 цагт, үүрийн 5-6 цагт, шөнийн 2 цагт би халуураад байна ирж үз гэж загнаж байна” гэлээ.