УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил гишүүн нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Гурван чиглэлээр мэдээлэл авсан. Засгийн газар коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар ойрын үед хуралдаж тодорхой шийдвэр гаргахаа мэдэгдсэн. Наадмаас өмнө төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой гэж манай бүлэг үзсэн. Хүүхдийн мөнгөний асуудлаас эхлээд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Мөн долоодугаар сарын 1 хүртэл чөлөөлсөн халамжийн асуудлууд яригдана. Удахгүй УИХ-д төсвийн тодотголыг өргөн барина. Түүний дараа бүх зүйл тодорхой болно.
Баяр наадамтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдтай ярилцсан. Гэхдээ өнөөдөр шийдвэр гаргах хараахан болоогүй байна. Нөхцөл байдлаа харъя гэж байгаа. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилээс гадна олон газар тэгш ойтой юм билээ. Тиймээс Засгийн газар нөхцөл байдлаа харж байгаад зургаадугаар сарын сүүлээр шийдвэр гаргана" гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай 1999 онд батлагдсан. Энэ хуулийг шинэчлэх асуудал 2005 оноос эхэлсэн. 2008 оноос хойш энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Одоо хэлэлцэж буй төслийг 2018 онд өргөн барьсан. 1999 онд нийт ажилчдын 80-90 хувьд нь Засгийн газар ажил олгодог байлаа. Нэг том ажил олгогчтой байсан гэсэн үг. Харин одоо төрийн албанд 180 мянган хүн ажиллаж байна. Бусад нь хувийн хэвшилд ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн харилцаанд өөрчлөлт их орсон" гэлээ.