Европын хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро-2020 ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийж Европын 12 хотод үргэлжлэн явагдана.
Бид ЕАШТ-д оролцох 24 багийг цувралаар танилцуулж байна.
ЕВРО-2020: Хорват улсын шигшээ баг
– Дэлхийн чансаа: 14
– ЕАШТ-нд оролцсон байдал: 5 удаа оролцсон
– Шигшээ багийн дасгалжуулагч: Златко Далич
– Шигшээ багийн ахлагч: Лука Модрич
– Гялалзах од: Лука Модрич
Хуучин Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ)-ын бүрэлдэхүүнээс тусгаар тогтнолоо зарласан 7 улсаас хөлбөмбөгийн төдийгүй спортын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа улс бол Хорват юм. Ялангуяа хөлбөмбөгийн спортоор хамгийн өндөр амжилт үзүүлж 2018 онд мөнгө, 1998 онд хүрэл медаль хүртсэн байдаг. Европын тавцанд тивийн АШТ-ндээ 5 удаа оролцож 2008, 1996 онуудад шөвгийн 8-д шалгарч байсан амжилттай. Өдгөө Хорватын шигшээ багаас олон тоглогчид Европын шилдэг клубуудэд тоглож байгааг онцлох ёстой. Энэ нь Хорватын хөлбөмбөгийн чанар чансааг харуулах бас нэгэн үзүүлэлт юм. Тухайлбал, Л.Модрич Реал Мадрид, М.Брозович, И.Перишич нар Интер Миланд, М.Ковачич Челси, А.Ребич АС Милан клубт тоглож байна. Үүнээс гадна Д.Срна, И.Ракитич, И.Олич, М.Манжукич гээд олон шилдэг залуус шинэ мянган гарснаас хойш Хорват улсаас тодрон гарсан шилдэг хөлбөмбөгчдийг дурьдаж болно.
З.Даличаар удирдуулсан өнөө цагийн Хорватын шигшээ баг 2018 оны ДАШТ-нд өндөр амжилт үзүүлж, хэний ч таамаглаагүй амжилт болох финалд шалгарсан. Харин ДАШТ-нээс хойш Хорватын шигшээ багийн тоглолт тийм ч тогтвортой байж чадаагүй бөгөөд ФИФА-н чансаа нь 13 болтолоо уруудаад байна. Сүүлийн 2 улирлын Европын Үндэстнүүдийн лигт хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин ЕАШТ-ний урьдчилсан шатанд Е хэсэгт Уэльс, Словак, Унгар, Азербайжан улсын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ тэргүүлж тивийн аваргын эрхээ авсан. Нэг талаар хэсгээ тэргүүлсэн боловч хэсгийн шатанд яг одоогийн Хорватын шигшээ багтай эн тэнцүү өрсөлдөх баг бараг байхгүй байсан гэж хэлж болно. Хэсгийн шатанд Унгарт хожигдож, Азербайжаны шигшээтэй тэнцсэн зэрэг нь Хорватын шигшээ багийн хүч суларсныг харуулж байна. Энэ зун явагдах ЕАШТ-нд Англи, Шотланд, Чехийн шигшээ багуудтай D хэсэгт багтсан. Хэсгийн шатны эхний тоглолтоо Англитай хийх бөгөөд энэ тоглолт Хорватуудын хэрхэн амжилттай оролцохыг харуулах учиртай. 2020 он гарсаар Хорватын шигшээ баг 11 тоглолт хийснээс ердөө 4 хожил авсан нь З.Даличийн шигшээ багаа удирдсан хугацаанд үзүүлээд буй хамгийн тааруу үр дүн болоод байгаа.
Хорватын шигшээ баг 4-2-3-1 хувилбараар тоглодог. ДАШТ-нд энэ л хувилбараар тоглож байсан бол одоо ч энэ хувилбараар тоглож байгаа. Үзүүрийн довтлогчийн байрлалд М.Манжукич, тулгуурын хагас хамгаалалтын байрлалд И.Ракитич, хамгаалагч И.Стринич, хаалгач Д.Субашич нар зодог тайлсан. Довтолгоог дэмжиж довтлогчийн ард гурван хагасын дунд тоглож байсан Л.Модрич хойшоо татаж тулгуурын хамгаалалтын, тоглолтыг гүнээс найруулж тоглож байгаа бол Н.Власич, М.Ковачич нар довтлогоог дэмжих байрлал дээр ихэвчлэн тоглож байгаа. Хорватын шигшээ багт бэртэл гэмтлийн асуудал байгаа. Хамгийн сүүлд довтлогч Б.Петкович 3 сард мөрний бэртэл нь сэдэрсэн. Тэр ДАШТ-нд мөн мөрний бэртлийн улмаас нээлтийн тоглолтыг өнжиж байсан. Харин сүүлийн сарын хугацаанд бэртлээ эдгээж клубын түвшинд тоглож байгаа нь Хорватын шигшээ багт сайн мэдээ болно. Мөн довтлогч А.Крамарич өнгөрсөн улирлын турш коронагийн халдвар, шагайны гэмтэл зэргээс болж хэд хэдэн удаа талбайн гадна өнжсөн. Одоо тивийн аваргын өмнө гарааны дээрх 2 довтлогч бүрэн бэлэн байх ёстой. Ингэж чадвал Хорватын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тивийн аваргадаа оролцоно. Яг энэ бүрэлдэхүүнээрээ ДАШТ хүртэл явах болов уу? Харин Катар-2022 ДАШТ-ний дараа зайлшгүй үе солигдох, ахмад тоглогчид залуустаа зайгаа тавьж өгөх шилжилтийн үе ирнэ.
ЕАШТ-нд оролцох боломжтой тоглогчид:
– Хаалгач: Д.Ливакович (Динамо Загреб), Л.Калинич (Хайдук Сплит), С.Слуга (Лутон Таун), И.Грбич (Атлетико Мадрид)
– Хамгаалагч: Д.Вида (Бешикташ), Д.Ловрен (Зенит), Ш.Врсалько (Атлетико Марид), Б.Баришич (Рейнжерс), Д.Чалета-Цар (Марсель), Д.Мельняк (Ризеспор), Й.Юранович (Леги Варшав), Т.Ведваж (Байер Леверкузен), Ф.Уремович (Рубин)
– Хагас хамгаалагч: Л.Модрич (Реал Мадрид), М.Ковачич (Челси), М.Брозович (Интер Милан), Н.Власич (ЦСКА Москва), М.Пасалич (Аталанта), М.Баделж (Женоа), М.Рог (Кальяри)
– Довтлогч: И.Перишич (Интер Милан), А.Крамарич (Хоффенхайм), А.Ребич (АС Милан), Ж.Брекало (Вольфсбург), А.Будимир (Осасуна), Б.Петрович, М.Орсич (хоёулаа Динамо Загреб), К.Ловрич (Горика)